Х.Баделхан: Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

0
152

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас ипотекийн зээл болон түрээсийн орон сууцны талаар тодрууллаа.

Ипотекийн зээл олон нийтийн дунд хүлээлттэй байна. Банкууд зээл олгохгүй байгаа нь юунаас болж байгаа юм бэ?

Арилжааны банкууд зээл олгохдоо өөрсдөөсөө зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжиж хамтран ажиллаж байгаа. Тухайн компанийн барьсан барилгаас борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Ерөнхий дүнгээр нь аваад үзвэл ипотекийн зээлийн хүрэлцээ маш бага байгаа нь үнэн. Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум, улсын төсвийн 120 тэрбум, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ жил ипотекийн зээл олгож байна. Санхүүжилтийг сар бүр хийж байгаа. Улсын төсвийн 120 тэрбумыг дөрвөн улирал дараалан олгоно. Гуравдугаар сард 30 тэрбум төгрөг олгосон.

Зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж байгаа юу. Энэ чиглэлд Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх асуудлыг ярьж байгаа. 2019 оны төсвийн төслийг хэлэлцэхэд энэ асуудлыг нэлээд ярьсан. Үүнээс гадна түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцжуулна. Мөн “Буянт ухаа-2” хороололд 972 айлын орон сууцыг түрээсийн журмаар ашиглалтад оруулна. Түрээсийн орон сууцын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд гадаадын зарим улс оронд санал тавьсан. Тухайлбал, Кувейтын Элчин сайдтай уулзан 4300 айлын түрээсийн орон сууцны төслийг дэмжих санал тавьсан. Мөн Өмнөд Солонгосоос авах 500 сая ам.долларын хөрөнгийг Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд, ялангуяа орон сууцжуулах үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөөтэй байна.

Ипотекийн зээлийн шинэ журам хэзээ хэрэгжих вэ?

Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Гэхдээ Сангийн сайд ОУВС-тай тохиролцох ёстой гэж үзээд буцаан татсан. Шинэ журмаар Монголбанк, төсөв, арилжааны банкнуудын санхүүжилтээр жилд 10 мянган айл ипотекийн зээлээр орон сууц авах бололцоотой юм.

Ашиглалтад орсон хэр нь борлуулагдаагүй орон сууцны судалгааг танай яамнаас хийж байгаа гэсэн. Судалгаа дууссан уу. Борлуулагдаагүй байрыг орон сууцгүй иргэдэд хэрхэн борлуулах вэ. Засгийн газар энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?

Бүрэн судалгаа хийж байгаа. УИХ-ын тогтоол ёсоор бид энэ сард бэлэн байгаа орон сууцыг иргэдэд олгох асуудлыг боловсруулаад саналаа УИХ-д оруулна. Энэ асуудлын хүрээнд манай яам, Сангийн яам, Монголбанк, ТББ-уудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа.

Урд хөршид хийсэн айлчлалын хүрээнд танай салбарт ямар ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?

Хятадын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг бүхэлд нь шинэчлэх юм. Мөн Хятадын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуур, Дэнжийн мянгын орчимд 1008 айлын иж бүрэн орон сууцны хорооллыг энэ жилээс барьж эхэлнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!