5-6 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ШҮД ЦООРОЛТ 76.1 ХУВЬТАЙ БАЙНА

0
130

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалтын нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуульд болсон байна.

Хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдэд түлхүү тохиож байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байгаа гэнэ. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт жагссан байна. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина зэрэг элбэг тохиолдох өвчний суурь болдог. 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76.1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж буй. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан. Энэ дагуу  бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч сургалт, сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулага, бусад хамтрагч байгууллагатай хамтран ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд НЭМГ-аас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль болон “Гүүд нэйборс” олон улсын  байгууллагатай хамтран хүн ам, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаарх сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тогтмол явуулах, тэдэнд амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж эхэлсэн. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш, сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан бага насны хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт  амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чухал ач холбогдолтой гарын авлага боловсруулан хэвлүүлжээ.
Энэ хүрээнд 2017 оны 11 дүгээр сард нийслэлийн 50, 62 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 120 багшид тус гарын авлагатай холбогдуулан сургалт хийсэн бөгөөд тэднээр дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдүүдэд үдийн цайгаа уусны дараа шүдээ угаах нөхцлийг нь бүрдүүлж өгчээ.
Одоогоор СХД, БГД, ХУД, БЗД-ийн нийт 79 ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 2400 гаруй багш сургалтад хамраад байна. Тэгвэл өнөөдөр энэхүү ээлжит сургалтыг ЧД-ийн ЕБС-ийн бага ангийн 320 гаруй багш нарт явуулж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!