60 саяын өртөг бүхий мазаалайн хөшөө алга болжээ

0
143

Мазаалай алга, тэр хаачив Н.Цэрэнбат сайд аа! Сар гаруйхны өмнө ховор хөөрхөн мазаалайгаа хүн бүр хамгаалах ёстойг сануулж, билгэдэн хөшөө хүртэл хийлгэлээ хэмээн тууз хайчлан шоудаж байсан өнөөх хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эрээд эрээд олсонгүй.

Монгол Улс аялал жуулчлалын салбараасаа хөрөнгөжих боломжтой хэмээн амаа аргатал ярих эрхэм сайд таны попролт уг нь бол үнэн л дээ. Тэр утгаараа нийслэлд хөл тавьсан гадны зочиндоо эрхэм таны хөрөнгө мөнгө хаян байж, хөл хөдөлгөөн болж байж хийлгэсэн мазаалай баавгайн хөшөөг үзүүлэх гэтэл газрын гаваар орсон мэт алга. Цэцэрлэгт хүрээлэнгийн хөрс шороог манартал эрлээ, сурлаа, уг хөшөөний талаар мэдэх нэгээхэн хүнийг ч тэндээс олсонгүй. Амьд байгалийн гоо үзэсгэлэн, музей болсон манай улс эл салбараасаа зөвхөн өнгөрсөн онд гэхэд 400 сая ам.долларын ашиг олсон статистик мэдээлэл байх аж. Гэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд та харин энэ хэрээр хөрөнгөжиж, тэр хэрээр шоуддаг юм биш биз.

Уг нь Н.Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар очиход олон хүн баярлаж байсныг үгүйсгээд яахав. Залуу хүн сийрэг ухаантай байж, хойш урагш хулгайлж идэхээс илүүтэй хөгжүүлэх тал дээр дорвитой ажиллаж, шинэ шинэлэг санаа гаргана хэмээн бараг л массаараа итгэж хүлээв. Харамсалтай нь тэр бусдын адил албан тушаалыг хөрөнгөжих хүүдий мэтээр харахаас хэтэрдэггүй нэгэн бололтой.

Өнгөрөгч сарын 6-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн ховор хөхтөн амьтан болох “Мазаалайн хөшөө”-ний нээлт сүрхий дуулиантай болж, сүр бараа бадруулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд босгож, ховрын хөөрхөн амьтнаа хамгаалах билгэдэл болгож байгаа нь тэр юм гэсэн. Энэ тухайгаа сайдтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж, мазаалай хамгаалах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөснөө ч дуулгаж байв. Тэрбээр БНХАУ-тай хамтраад мазаалай хамгаалах чиглэлээр ажил хийхээр төлөвлөсөн л гэнэ. Дээр нь тусгай хамгаалалттай бүс нутагт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллахаа амлаж, ингэхдээ зүгээр ч нэг хамгаалах бус мазаалай, хавтгай, хандгай дурандах цэг байгуулаад, үзүүлэнгээ хамгаалах дэлхийн чиг хандлагыг дагах гэж байгаа тухай ч танилцуулж хөөрцөглөж байлаа. Ерөнхийдөө салбарын зүгээс жилд 40 орчим сая төгрөгийн төсөв мазаалай хамгаалахад тусгадаг аж.

Энэ мэт попролт, шоудалт, худал амлалтуудаас нь “Мазаалай” бондоос юу ч хүртээгүй мазаалай баавгайгаа аврахад сэтгэл гаргадаг сайд хэмээн олон түмэн ч алга ташин шагшиж байтал харин өнөөх дуулиант хөшөө ийнхүү сураггүй болчихож. Чухамдаа өнөөх баримал мазаалай хаашаа дүрэвснийг дээр дурьдсанчлан мэдэх хүн алга. Эл хөшөөг босгоход Мазаалай хамгаалах сангаас 60 сая төгрөг буюу жилийн зарцуулах ёстой төсвөөс нь ч илүү хөрөнгө гаргуулсан байх юм. Товчхондоо, төсвөөс 60 сая төгрөг хөшөөний нэрээр ор мөргүй алга болсон гэсэн үг. Яасан ч үнэтэй хөшөө билээ. Г.Батзоригтон Баянзүрх дүүрэгт монгол банхарын хөшөө хийж, өч төчнөөн төгрөг салхинд цацсантай яг адил зэвүү, дургүйг зэрэг зэрэг төрүүлэм явдал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болоод байна.

Мазаалай гэх мэт ховор, нэн ховор амьтдыг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх чухал шаардлага байгааг далимдуулж, хөрөнгө завшсан байх ноцтой хэрэг мандчихаад байгаа юм биш байгаа, Авлигатай тэмцэх газрын дарга аа. Яалт ч үгүй анхаарал хандуулж, яаралтай шалгаж, хянахгүй бол хөшөөгөөр хөрөнгө урсгадаг хэлбэр төрийн алба хаагчдын дунд соёлж, цэцэглэж, улмаар тасарч хагдрахааргүй үндэслэж байгаа бололтой. Алга болсон хөшөөний мөрөөр эрэл сурал болтол анхаарал татсан нэгэн мэдээлэл бидэнд олдов. Өнөөх мазаалайн хөшөөг мань сайд Н.Цэрэнбатын дотнын найзын компани гардан гүйцэтгэсэн гэнэ. Тиймээс жинхэнэ хүрэл хөшөө биш хүний нүд хуурсан гипсэн хөшөө байсан юм биш үү гэх маазрал ч дагалдаж байна.

Уг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёрдугаар хаалга буюу Маршал таун талаас нэвтрэх хаалганы орчимд босгосон ч өдгөө алга болчихоод байгаа эл хөшөөний мөнгөөр устах аюулд орсон Мазаалайгаа жинхэнээсээ хамгаалахад зориулж болох байлаа. Наанадаж хоол тэжээлээр нь хэсэгтээ хангах, үгүй ядаж чийпжүүлэх боломжтой. Өдгөө Мазаалайг чийпжүүлэх шаардлага бий ч хөрөнгө мөнгөгүйгээс гацаанд орчихсон талаар судлаачид хэлж байна. Гэтэл салбарын сайд нь дээгүүрээ хөшөө мөшөөхнөөр хийрхэж, доогуураа урсгаж болох бүхий л салаа савираараа гоожуулж, төрийн мөнгөөр тоглож суугаа юм биш үү. Ямартай ч ойрын үед 60 саяын өртөг бүхий Мазаалайн хөшөөг эрж хайх, мөнхүү байдлаар улсын мөнгө ус цас шиг цацаж суугаа Н.Цэрэнбаттанг хянаж, шалгах нь зөв зүйтэй бололтой, Ерөнхий  сайд аа. Магадгүй У.Хүрэлсүхийн хувьд танхимын нөхдөөсөө оролдох нь өөрийн нь бат бэхэд нөлөөлнө гэх биз. Тиймээс Х.Энхжаргал даргаа, таны анхаарал тавин шалгуулах газрын нэг яалт ч үгүй БОАЖ-ын яам, тэр дундаа эрхэм сайд Н.Цэрэнбат бололтой байна. Түүнчлэн алга болсон хөшөөтэйгээ адил хөшөөний нээлт хийн попорч байсан зураг хөрөг бүхий мэдээллүүд нь ч цахим орчин, мэдээллийн сайтуудын архиваас устаж алга болжээ.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!