Эрх баригчдын хувааж иддэг хамгийн том бялууны нэг Эрдэнэс-Тавантолгой

0
196

-Улстөрчдийн амны алчуур болсон 1072 ширхэг хувьцаа 2020 онд амь орох уу-

 

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзав. Энэ үеэр “Орон нутгийн өмчит жижиг “Таван-толгой” компани 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Гэвч “Эрдэнэс-Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та бүхэн ногдол ашиг олгох хувилбар гаргасан юм байна. Гэхдээ нэг хүнд 3,000 орчим төгрөг гэж байна. Ийм байж болохгүй. Өнөөдөр иргэдэд хувьцааны 14.6 хувь нь байгаа юм байна, энэ хувийг өсгөж 100 хувь болгох ёстой. Энэ хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-аар энэ хуулийг баталчих юм бол 3,000 төгрөгийн ногдол ашиг биш 300.000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай ярьж байна” гэсэн юм.

Яг иймэрхүү уулзалтыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мөн хийж байв. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа иргэдийн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг тараахын төлөө ажиллана гэдгээ амлаж байв. Өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газар ч мөн энэ талаар цухалзуулах нь бий. Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 1072 ширхэг хувьцааны асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан. Д.Сумъяабазар сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ний нуугүй хэлэхэд 1072 хувьцаа файл дээр л байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэх ажлыг даалгах ёстой. Үүний дараа энгийн хувьцаа хэдийг гаргах уу, давуу эрхийн хувьцаа хэдийг гаргах уу гээд илүү нарийн зүйлсээ тодорхой болгоно. Тавантолгойн хувьцааг тодорхой хугацаанд арилжихгүй байх, Монгол улсын иргэн хувьцаанаасаа ногдол ашиг хүртдэг байх системийг бий болгох ёстой. 1072 хувьцааг зарах юм бол гадны болон дотоодын янз бүрийн улсууд тойрч очоод хамаад авч мэднэ. Яг ягаан тасалбар болно шүү” гэж байсан.

Үнэндээ ч сонгуулийн үеэр улстөрчдийн шоу болж, “амь” орох нэрийдлээр чимх чимхээр хэн нэгний халаас руу ордог болсоор хоёр ч сонгуулийн нүүр үзээд байна. Шулуухан хэлэхэд, үнэт цаасны мэдлэг мэдээлэлгүй монголчуудын хувьд цэнхэр, ягаан тасалбар шиг 1072 ширхэг хувьцаа хэзээ амь орох нь тодорхойгүй байсаар зургаан жилийг үдэв. Өдгөө ч энэ асуудал ээдрээтэй. Магадгүй 2020 оны сонгуулийн гол тактик эл хувьцаа болов уу. МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт “Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно” гээд тов тодорхой заачихсан. Тиймээс Төрийн тэргүүнтэй цэц булаалдан байж, сонгуулийн өмнө үхмэл хувьцаа амь орж ард иргэдийг баярлуулж мэдэх л юм.

Эдийн засагч Л.Наранбаатар “Одоо байгаа менежментээр иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх нэртэй зургаан жил мөсөн чихэр долоолгосон. Энэ хугацаанд ногдол ашиг биш өр хүлээлгэхээр болсон байна. Өнгөрсөн хугацаанд Тавантолгой ордоос 24.2 сая тонн сайн чанарын нүүрс олборлож, зарсан. Нийтдээ 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал бий болгосон. Өр төлбөр нь 822 тэрбум төгрөг. Өнгөрсөн хугацаанд компани алдагдалтай ажиллаж, алдагдлыг Хөгжлийн банкны зээлээр нөхөж ирсэн байна. Нийт өрийн 71 хувь зөвхөн Хөгжлийн банкнаас олгосон Чингис бондын зээл эзэлж байна” гэх байдлаар тайлбарлаж байв.

Харин өдгөө “Эрдэнэс-Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай гарчээ. Хачирхалтай нь энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтжээ. Гэхдээ ногдол ашиг хуваарилах тооцоо хийж үзсэн бөгөөд одоогийн байдлаар иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашиг зэргийг харвал нэг иргэнд 3000 орчим төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан талаар Төрийн тэргүүнд танилцуулав. Харин Ерөнхийлөгч 300.000 төгрөг болгох хувилбарыг УИХ руу чулуудахаар болсноо дуулгасан нь энэ. Одоогоор ийм боломж бий эсэхийг хэлэхэд бэрх.

Шинжээчид “2020 оны сонгуулиас өмнө 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэхгүй” гэж улс төрийн өнцгөөс харсан таамаг дэвшүүлдэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлбэл хоёр сая иргэн хувьцаагаа арилжих эрхтэй болно. Хувьцаандаа эзэн суусан олон иргэн худалдаж эхлэх нь эрсдэл дагуулж болзошгүй хэмээдэг. Хувьцааны талаарх албаны хүмүүсийн үгийг хүргэе.

Хуульч Б.Баяр: Тавантолгойн иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа нь хууль эрх зүйн хүрээнд саналын эрхгүй. Өөрөөр хэлбэл, санал өгөх, хувьцаагаа зарах, худалдах, захиран зарцуулах эрхгүй. Засгийн газрын тогтоолоор саналын эрхгүй болгосон. Уг нь саналын эрхийг хязгаарлах эрх төр, Засгийн газарт байхгүй. Энэ асуудлаар иргэд хувьцаа эзэмшигчийн хувьд хууль эрхзүйн хүрээнд асуудал үүсгэх боломж бий. Саналын эрхгүй болгосон Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгох боломжтой. Мөн иргэний эрх зүйн хүрээнд Компанийн дүрэмд уг саналыг оруулж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, олон мянган хувьцаа эзэмшигчийн эрхийг олгох шаардлага тавих эрхтэй. Анхдагч болон хоёрдогч зах зээлд хувьцаагаа арилжаалах, хөрвөх боломжийг олгохыг шаардах эрх ч бий. Хувьцаа эзэмшигчид Эрүүгийн журмаар шийдэх нөхцөл ч үүсч магадгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Иргэд саналын эрхгүй ч гэсэн ногдол ашиг авах ёстой. Ерөнхийлөгч маш тодорхой зүйл ярьж байгаа. Жижиг Тавантолгой компани өнгөрсөн жилд 4 сая тонн нүүрс зарж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК 8.4 сая тонн нүүрс зарсан байна. Хар ухаанаар бодоход аль аль компани нь өргүй учраас хоёр дахин илүү нүүрс зарсан компани хоёр дахин илүү ногдол ашиг хуваарилах ёстой. Энэ компанийн эзэд бол та нар биш. Үндсэн хуулийн дагуу энэ компани иргэдийнх. Тиймээс иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой.

MICC үнэт цаасны компанийн ерөихийлөгч Д.Ачит-Эрдэнэ: Брокеруудын олон компани дээр хувьцааны талаарх бүртгэл хийгдсэн. “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны тодорхой хэсгийг арилжаанд оруулах нь зөв гэж боддог. Нүүрсний үнэ нэмэгдэж байна. Тиймээс үүнийг ашиглах хэрэгтэй. “Эрдэнэс-Тавантолгой”-н төлөөлөн удирдах зөвлөлд нь мэргэжлийн хүмүүс орж ажиллах ёстой. Нэг ёсондоо компанийн засаглалыг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт, “Чалко”-гоос 300 сая ам.долларыг иргэдэд тараахын тулд авсан. Хэрвээ хувийн компани байсан бол хэзээ ч ийм эрсдэлтэй зүйл хийхгүй байсан. Хувьцааг тодорхой шатлалтайгаар арилжаанд оруулах нь зөв. Гол нь компанийн үнэ цэнийг харах хэрэгтэй. Хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх хэрэгтэй юм. Дээрээс нь улс төрөөс ангид, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Цаашид бизнесийн шийдвэрүүд гарвал маш үнэ цэнэтэй компани болно.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цaасны газрын дaргa Т.Цэрэнбадрал:  Эхлээд иргэдийн хувьцааны бүртгэлийг цэгцлэх хэрэгтэй. Энэ хүрээнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс-Тавантолгой” компани хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсэг иргэдийн эзэмшилд байгаа 1072 хувьцааг эргэлтэд оруулж, үнэ цэнийг нь өсгөх тал дээр санал боловсруулж Засгийн газарт хүргүүлэх ёстой. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд бүртгэлийн асуудал, компанийг тогтворжуулах ажил яригдана. Тэрний дараа зах зээл дээр IPO гаргах болон тодорхой ажлууд хийгдээд явна. “Эрдэнэс-Тавантолгой” компани хөрөнгийн зах зээл дээр орж ирснээр үзүүлэх нөлөө нь асар их” гэдгийг хэллээ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төвийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва: Манай байгууллага 2011 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэдэд хувьцаа олгох Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байна. Нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүнээс төрийн мэдэлд 85.2 хувь буюу 12 сая 711 мянга 99 ширхэг хувьцаа, 486 аж ахуйн нэгжид долоон сая 65 мянга 38 ширхэг хувьцаа буюу 0.05 хувь, Монгол Улсын хоёр сая 512 мянга 332 иргэн буюу хоёр тэрбум 212 сая 223 мянга 862 ширхэг хувьцаа бүртгэлтэй байна.  “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа явуулаад олон жил болсон. Тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Ялангуяа сүүлийн хоёр жил ашигтай ажиллаж байна. Дээр нь саяхан Ажлын хэсэг хуралдаж гадаадад IPO гаргаснаар төмөр зам болон авто замын асуудал, дулааны цахилгааныг шийдэхээр ярилцаж байна. Энэ нь ойрын хугацаанд шийдэгдэх байх. Хэрэв бид Хонконгийн аль нэг бирж дээр хувьцаагаа зараад, IPO гаргавал ханшийн өсөлт сайжирна. Үүнийгээ дагаад дотоодын иргэдийн ханш ч өснө, нөлөөлнө. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар чиглэл өгсний дагуу Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийг сайд өөрөө толгойлж байгаа. Болж өгвөл ирэх ондоо багтаагаад гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна даа. Уг нь гадаадад гаргах хувиа нэмэгдүүлэх нь чухал байгаа юм. Ойролцоогоор 30 хувийг нь гаргачихвал багагүй хөрөнгө орж ирнэ гэсэн үг. Тэр хөрөнгө оруулалтаар компани асуудлаа шийдчихвэл үйл ажиллагаа, олон улсын нэр хүнд нь сайжирна. Тэрнийгээ дагаад компанийн үнэлгээ ихэснэ. Үнэлгээ ихэснэ гэдэг бидний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааны үнэ нэмэгдэх юм. Ер нь, ирэх намартаа багтаж хоёр дахь зах зээлд гарах байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: УИХ 57-р тогтоол гаргахдаа иргэдийн саналын эрхийг хаагаагүй. Засгийн газрын хэмжээнд иргэдийн саналын эрхийг хаачихаад байгаа. Иргэдэд тараасан 1072 хувьцааг эргэж, буцаж авсаар өнөөдөр 2.5 сая хүнд хувьцаа бий. Одоо энэ хувьцааг саналын эрхтэй болгож, ногдол ашиг хүртдэг болгох асуудал байгаа. Мөн бид иргэдэд байгаа 14.6 хувийн хувьцааг нэмэх хуулийн төсөл боловсруулж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК бусад компаниас ялгаатай нь нийтийн зориулалттай өмчийг эзэмшиж байгаа компани. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах боломжгүй учраас шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Гол агуулга нь иргэдийн эзэмшиж буй 14.6 хувийг нэмэгдүүлж, иргэн бүрт ногдол ашиг заавал тараадаг байхад чиглэгдэж байгаа.

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр: Өнөөдөр нүүрсний үнэ өсөж байна гээд ярьж байна. Эрдэнэс Тавантолгой ашигтай ажиллаж байна. Хагас жилийн байдлаар 280 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тэгсэн хэрнээ яагаад хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байгаа юм? Энгийн жишээ хэлэхэд тэр том орд газрын хоёрхон хувьд үйл ажиллагаа явуулдаг “Орон нутгийн” тодотголтой Тавантолгой компани байна. Жилийн өмнө нэг нэгж хувьцаа нь 3800 төгрөг байсан. Өнөөдөр 9700 төгрөг болж өссөн. Ногдол ашиг тараагаад явж байна энэ компани. Өнгөрсөн жил нэгж хувьцаандаа 842 төгрөгийн ногдол ашиг өгсөн. Энэ жил ашиг нь нэмэгдсэн нэгж хувьцаандаа 1000 гаруй төгрөгийн ногдол ашиг тараах байх. Тавантолгойн орд газрын хоёрхон хувь дээр ажиллаж байгаа хөрөнгийн биржид бүртгэлтэй жижиг Тавантолгой компани ингэж үр шимээ хувьцаа эзэмшигчиддээ өгч байна. Тэгвэл яагаад тэр орд газрыг бүхэлд нь шахуу эзэмшдэг Эрдэнэс Тавантолгой компани тэр хэмжээний ногдол ашиг өгөхгүй байгаа юм бэ. Өдий болтол ард иргэдийн талд шийдэж, нээлттэй компани болгохгүй байна гэдэг улс төрчдийн маш том бялуу тэнд байгаа юм биш үү. Эхлээд Тавантолгойгоо шийдчихье. Дараа нь Эрдэнэтээ ярья.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд: “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны талаар УИХ-аас нийтдээ 10 гаруй тогтоол шийдвэр гарсан байдаг. Гэвч амьдралд яг бүрэн хэрэгжиж яваагүй. Том дүр төрхөөр нь аваад үзвэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100 хувь хувьцааны 20 хувийг гадаад, дотоодын зах зээлд гаргаж хөрөнгө босгох, 20 хувийг иргэдэд, 10 хувийг дотоодын компаниудад эзэмшүүлэх, үлдсэн хувь нь Засгийн газрын өөрийнх нь хувьцаа гэдгээр нь УИХ тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх бололцоотой гэж үзсэн. Өнгөрсөн оны хоёрдугаар сард манай компани дээр байгуулагдсан ажлын хэсэг Сангийн яаманд байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажилласан. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтарч  ажиллаад дүгнэлт гаргасан. Хамтарсан дүгнэлтийн үндсэн дээр Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны асуудлыг бүрэн цэгцлэе, иргэдэд ногдож байгаа 1072 ширхэг хувьцааг  “амилуулъя”  гэсэн гол утга агуулгатай тогтоолыг тавдугаар сарын 30-ны өдөр гаргасан. Ингээд Засгийн газрын даалгавраар Сангийн яам, ҮЦТХТ болон холбогдох газрууд хамтран хэн нь хичнээн хувьцаа эзэмшиж байгааг өнгөрсөн оны есдүгээр сар гэхэд тодорхой болголоо. Засгийн газрын тогтоолуудаар нийтдээ 465 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад, мөн зарим иргэдийн хувьцааг худалдан авахад зарцуулсан байдаг. Одоогоор 2 сая 200-гаад мянган хүн “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа  эзэмшигч байна гэсэн дүн гарсан. 2014 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгож түүнээс өмнө төрсөн иргэдэд Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшүүлсэн байдаг. Мөн Сангийн яам аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчийн тоог тодорхой болгосон. Тухайн хугацаанд хувьцаагаа буцааж улсад өгөөд мөнгөө авъя гэсэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг мөн биелүүлсэн. Одоо нийт хувьцааны 20 хувь нь зарласан хувьцаа буюу гадаад, дотоодын зах зээлд гаргах, үлдсэн 80 хувь нь төр, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа байгаа юм.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!