Системийг улстөрийн зорилгоор ашиглахгүй гэх баталгаа эрх баригчдад байхгүй

Дотоод дахь халдварын нөхцөл байдал хүндэрч өнөөдөр өглөө /2021.03.29/-ний 09 цагийн байдлаар 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өдөрт ийм олноор халдвар илэрч байгаа тул тархвар судлаач эмч нарын тоо хүрэлцэхгүй, ойрын хавьтлуудыг шуурхай илрүүлэх явцад хүндрэл учирч эхэлсэн.

Иймээс “батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг богино хугацаанд тогтоох боломж бүрдлээ. Ковидын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа орлоо.

Ингэснээр халдвар тээгчийн ойрын хавьтлыг богино хугацаанд, олон газар зорчиж халдвараа тараахаас өмнө бага зардлаар олох боломж бүрдэнэ. Мөн өнөөдрийг хүртэл ойрын хавьтлыг олж тогтоохоор ажиллаж байсан ХӨСҮТ-ийн ачаалал буурч байгаа юм.

Шадар сайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг олж тогтоох багийн хамт олныг хурд, шийдэл, үр дүнг чухалчлан, мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг санууллаа” хэмээн Шадар сайд С.Амарсайхан урд шөнө “Шадар сайдын мэдээлэл” гэх цахим хуудастаа мэдээлжээ.

Нэгэнт алдаж дууссан халдварын өмнөөс тулах бус араас нь хөөцөлдсөөр яваа Улсын онцгой комисс, Шадар сайдын хөөрч хөөрцөглөн мэдэгдсэн технологи нь тэгвэл хаанахын ямар технологи вэ…

Бидний олж мэдсэнээр тэд өнгөрөгч онд /2020.06.24/ Google, Apple компаниудын ковидын тархалт илрүүлэх зорилгоор хамтран зохиосон нээлттэй эх /үнэ төлбөргүй/-ийн систем гээчийг ашиглах гэж байгаа бололтой. Зөвхөн Эрүүл мэндийн байгууллагад л ашиглахаар бүтээгдсэн эл системийг бүтэн жилийн хойно манайхан яагаад сонирхов…

Хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-д үүнийг хэрэглэж, туршиж үзсэн үү. Сингапур дахь Google, Apple компаниудын салбарт бүтээгдсэн хэдий ч Сингапур нь өөрөө татгалзсан систем шүү дээ. Тэд иргэдийнхээ биометр мэдээллийг нууц байх ёстой гэж үзэж. Яг ийм шалтгаан, үндэслэлээр олон орон эл үнэ төлбөргүй системийг ашиглахаас зайлсхийсэн байгаа юм.

Гэтэл бүхэл бүтэн жилийн дараа, тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ өдрүүдэд манай Засгийн газар гэнэт сонирхож эхэлсний учир юув. Bluetooth ашиглан хэн нь хэнтэй уулзсаныг олж тогтоох эл системийг эрх баригчид улстөрийн зорилгоор ашиглахгүй гэх баталгаа бий юү.

Тухайн системийг ашиглахад Хувь хүний нууцын тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль гэхчлэн шаардлагатай хөрс суурь нь бэлэн үү.

Иргэдийнхээ бүх мэдээлэл, явсан суусныг алган дээр тавьсан мэт харж суух эл системийг ашиглах гэж буй талаараа, бүр анхны танилцах уулзалт, хурлын мэдээллийг одоо хүртэл яагаад олон нийтэд тайлагнахгүй байгаа юм. Google, Apple компанийн төлөөлөл оролцсон эл уулзалтад Оном сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар, ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн нараас гадна Засгийн газрыг төлөөлөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцсон бололтой юм.

Иргэн бүрийнхээ мэдээллийг нэг бүрчлэн оруулах энэ системийн мэдээлэл хадгалах сервэр нь хаана байрлах юм, эсвэл Google, Apple компаниуд руу иргэдийнхээ биометр мэдээллийг шууд өгөх хэрэг үү.

Ийм ноцтой асуудал хэлэлцсэн дээрх уулзалтад Оном сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар, ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ гурваас гадна Монголоос өөр хэн хэн оролцов. Үндэсний аюулгүй байдлын газар, Тагнуулын ерөнхий газраас төлөөлөл яагаад харагдахгүй байгаа юм. Тэд оролцож протокол ч болов хөтлөх ёстой биш үү.

Нөгөөтэйгүүр орсон, гарсан маршрутаар нь хөөгөөд ойрын хавьтлуудыг илрүүлчихнэ хэмээн попроод, бөөн төсөв зардал болоод байсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Б.Болор-Эрдэнэ даргын “нэрэмжит” QR кодын бүртгэл амжилтгүй болоо юу. Тэр QR кодоор төчнөөн хавьтагч илрүүлж, маршрутыг нь тогтоосон гэх үр дүнгийн тоон мэдээ байна уу.

Өнөөдрийг хүртэл ойрын хавьтлыг олж тогтоохоор ажиллаж байсан ХӨСҮТ-ийн ачаалал шинэ технологи, шинэ систем нэвтрүүлснээр буурна хэмээн мэдэгдсэн Шадар сайдын мэдээлэл нь QR код болон Б.Болор-Эрдэнэ даргын тэргүүлсэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хувь нэмэр өчүүхэн ч байгаагүй гэсэнтэй адил сонсогдож байна.

Гэхдээ QR кодын бүртгэл үр дүнгүй болж, халдварын тархалт огцом нэмэгдлээ гээд Монгол Улсын иргэн бүрийн биометр мэдээлэл Google, Apple компаниудын мэдээллийн санд урсаад орчих дээрх системийг Б.Болор-Эрдэнэ, С.Амарсайхан, Л.Оюун-Эрдэнэ гурав хэлэлцээд нэвтрүүлчихдэг хялбар асуудал биш.

Шадар сайд нэгэнт өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн, Б.Болор-Эрдэнэ тэргүүлэн Google, Apple компаниудын төлөөлөлтэй уулзан тухайн технологитой танилцсанаас хойш одоо ард иргэддээ тодорхой мэдээлж, зөвшөөрөл ав!!!

Эрх баригч байлаа гээд иргэдийнхээ хувийн нууцад зоргоороо хуруу дүрэх эрх үгүй. Тэгээд ч дахин хэлэхэд, сонгууль ойртсон өдрүүдэд эл системийг улстөрийн зорилгоор ашиглан, хэнийг хаана хэнтэй уулзсаныг нарийвчлан тогтоогоод, бүртгэлжүүлээд сууж байж мэдэх ичгүүргүй улстөрчидтэй улс орон билээ.

Орчуулах »
error: Content is protected !!