Албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

0
344

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд хариуцлага тооцох тухай асуудал Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн өчигдрийн “сэдэв” байлаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хороонд  шалгалт хийсэн ажлын хэсгийнхний мэдээллийг өчигдөр сонсов. С.Даваасүрэн нь ажлаа авсанаас хойш 2016-2017 онд мэргэшсэн 58 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зохицуулах хорооны нийт ажилтнуудын тал нь буюу 50 орчим хувь нь гудамжинд гарсан гэх мэдээллийг ажлын хэсгийнхэн цухалзуулж байлаа. Өнгөн дээрээр орон тоог цөөлсөн мэт боловч үнэн хэрэгтээ өмнө нь дэд дарга хоёр, ажлын албаны дарга нэг, газрын дарга долоо, хэлтсийн дарга 17 нийт 24 удирдах ажилтан байсныг газрын орлогч дарга дөрөв, ахлах референт 16-г нэмж нийт 33 удирдах ажилтантай болгосон аж. Ахлах реферэнт гэдэг албан тушаалаар хэлтсийн даргын үүргийг гүйцэтгүүлэн халхавчилж, угтаа бол дарга нарын тоог бууруулах бус харин ч нэмсэн гэнэ. Үнэндээ ч ажлын хэсгийнхэн байгууллагад нь шалгалт хийхээсээ илүүтэй С.Даваасүрэн даргын ар өврийг ухах зорилготой байсан гэх хардлага бий.

Ямартай ч УИХ-ын даргад ирсэн гомдлоор бол С.Даваасүрэн нь харилцаа хандлагын асуудалтай, ажилдаа мэргэжлийн ханддаггүй. Үүнийг нь ч ажлын хэсгийнхэн дээрх баримтаараа баталгаажуулж байгаа бололтой юм. Байнгын хорооны хуралдааны үеэр түүнээс асуулт асуух гишүүн гараагүй. Гэхдээ хариуцлага тооцохыг танхим дахь гишүүд 100 хувь зөвшөөрсөн.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг сонсч, гишүүд багагүй бухимдав. Тухайлбал, гишүүн З.Нарантуяа “Засгийн газрын ажил муу байх нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар буюу “гал тогоо”-ны ажилтай шууд холбоотой. Г.Занданшатар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг яамдуудын ирүүлсэн материалыг нэгтгээд гаргасан гэж байна. Засгийн газар Хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн материалаа давхар явуулчихаж баймаар байна. Улирал болгон Үндсэн чиглэлийн биелэлтээ гаргаад, болохгүй байгаа салбар яамдынхаа ажлыг шахаж шаардах гол ажлыг ЗГХЭГ хийх ёстой. Өмнөх Засгийн газрын үед гэж ярих хэрэггүй. МАН-ын Засгийн газрын хийсэн ажлын тухай өнөөдөр ярьж байна. Хариуцлагатай бай. Ер нь Засгийн газар бодлогын уялдаагаа хангаж, яамдууд томоохон төслөө хөдөлгөх зүйлд анхаарсан бол өнөөдрийн макро эдийн засаг илүү сайжирсан байх ёстой байсан шүү. Тиймээс аливаа зүйлийг найз, найран дундаа явуулахгүйгээр, Монгол төрийн ажлыг хийхдээ сэтгэл зүрхээ зориулж хийдэг байгаасай гэж Г.Занданшатар сайдад хэлмээр байна” гэлээ.

Мөн гишүүн Х.Болорчулуун “Хүний хөгжлийн бодлого 83 хувийн биелэлттэй гэж байна. Энэ бол худлаа. Цаасан дээр л 83 хувь биелсэн байх. Ялангуяа ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийн төвшин 7 хувьд хүрсэн гэж байгаа нь худлаа. Өнөөдөр Монгол Улсад ажилгүйдлийн хар үүл нөмөрч, иргэд нь эх орноосоо дайжиж байна. Солонгосын Элчин сайдын яам битүү оочер байна. Амьдрахын тулд үр хүүхэд, гэр орноо орхиод нүүдэллэж байна. Энэ бол Монгол Улс иргэддээ хөдөлмөр эрхлэх боломж олгохгүй байгаатай холбоотой” хэмээсэн.

Эл өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаар Н.Цэрэнбат сайдын мэдээллийг сонссон. Туулын нулимсыг арчихын тулд бургас нь тайрч, замбараагүй олгогдсон барилга байгууламжийг цэгцлэхээр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон салбар яам, гишүүдийн хамт хамтран зүтгэж байгаа.

Яармагийн гүүрээс Баянзүрхийн гүүр чиглэл, Туул голын урд талын хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, голын хойд талын барилгажсан хэсэг нь Нийслэлд хамаардаг. Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэ оны гуравдугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон шийдвэрлэсэн.

Газар ашиглах эрх нь цуцлагдсан байршлууд болон Маршлын гүүрээс Баянзүрхийн товчоо чиглэлд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 300-500 сая төгрөг, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 2.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Ажлын хэсгийн зүгээс, Богдхан Уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуух аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан 52 аж ахуй нэгж байгаагийн 48-ынх нь эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэ оны гуравдугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон цуцлаад байгаа. Одоогоор таван иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлснээс шүүхийн маргаантай асуудал үүссэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан нийт 52 аж ахуйн нэгжийн 19 нь газрын төлбөр огт төлөөгүй, 25 нь дутуу төлсөн, бүрэн төлсөн дөрвөн аж ахуй нэгж байгаа гэнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Туул гол дагуу замбараагүй газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хатуухан сануулав. Мөн Туул голын эрэг орчим 10 км зурвасын асуудлыг цэгцэлж чадахгүй шалтаг тоочоод суугаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно гэдгээ мэдэгдсэн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!