Ирэх оны Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д өргөн барив

0
161

Засгийн газар ээлжит бусаар хуралдаан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барилаа.

Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээнд нийт 8 их наяд 780 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Үүний 5 их наяд 170 гаруй тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Ирэх оны үндсэн чиглэлд Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгажээ.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах юм. Мөн инфляцийг зорилтот түвшинд байлгаж, ажилгүйдлийг бууруулан, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг бууруулна.  Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татан, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэж тусгасан байна.

Ирэх онд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн, хөнгөн хүнс, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах юм. Дээрх салбаруудын өсөлтийн дүнд Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт хангагдана гэж Засгийн газар үзлээ.

Төрийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөх, шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжих, аюулгүй хүртээмжтэй орон сууцаар хангахаар төлөвлөж байна.

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Нийтийн биеийн тамир, зохистой хөдөлгөөнөөр хичээллэсэн  иргэдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулах юм. Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг өргөжүүлнэ.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх зэргийг Үндсэн чиглэлд мөн тусгасан байна.

Ирэх онд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг  хамгаалах чиглэлээр улам идэвхтэй ажиллаж, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!