Монголчууд спортын холбоог бүхэл тивээр нь удирдах эрхтэй боллоо

0
235

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Макао, Иран, Ирак, Кыргыз зэрэг Азийн 40 гаруй улс орны 400 гаруй тамирчин оролцлоо.

Улаанбаатар хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнтэй Азийн Бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль давхцсан нь тэмцээнд оролцогч орнуудын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Тэмцээн IFBB дэлхийн түвшин болон IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох сорилтой, тамирчид хувийн чансаагаа ахиулах боломжтой байсанд оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгсөн байна.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй 49 ангилалд тивийн аваргууд тодорлоо. Багийн дүнгээр БНХАУ-ын тамирчид нэгдүгээр байр эзэлсэн бол Ираны тамирчин Азийн мистер-2018 цомын эзэн болов.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт бодибилдинг, фитнессийн УАШТ болж өндөрлөсөн. УАШТ-ий жин, ангиллын эхний байруудыг эзэлсэн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан. Тиймээс манай баг тамирчид энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэл сайтай оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний өдрүүдэд Азийн бодибилдинг, фитнессийн холбооны конгресс хуралдаж алдаа, оноогоо хэлэлцэн, тэргүүнийхээ сонгуулийг явуулсан бөгөөд эл албан тушаалд Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир ялж, Азийн бодибилдинг фитнессийн холбоог тэргүүлэхээр болсон юм. Энэ нь монгол хүн Ази тивийн спортын холбоог удирдах, монголын бодибилдинг, фитнессийн спорт тив, дэлхийн хэмжээнд хүрч хөгжсөний илэрхийлэл боллоо.

Манай улсын хувьд 2008 оны тавдугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулахтэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийнАзийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж байв.

Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!