УИХ ГАЗАР ҮНЭГҮЙ ӨМЧЛӨХ ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

0
128
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын тандан судалгааг 2017 онд хийжээ. Уг тандан судалгааны үнэлгээгээр газар өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.
Иймд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!