Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт 15 улс орон гарын үсэг зурлаа

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн /RCEP/ хэлэлцээрт өнөөдөр 15 улс орны төлөөлөгчид гарын үсэг зурснаар дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том нэгдлийг байгуулж байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ 10 гишүүн болон БНХАУ, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд уг хэлэлцээрт нэгджээ.

“Энэхүү хэлэлцээр нь АСЕАН-ы эдийн засгийн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, АСЕАН-ы хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук цахимаар зохион байгуулсан гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдсэн байна.

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлд нэгдсэн 15 орон нь дэлхийн хүн ам, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн, дэлхийн худалдааны 30 орчим хувийг хамран бүрдүүлж байна. 2012 оны 11 дүгээр сараас эхлэн 30 гаруй үе шатны хэлэлцээ явуулж, төр, засгийн тэргүүн нарын олон тооны уулзалтыг хийсний дүнд уг баримт бичгийг ийнхүү байгуулжээ.

АСЕАН-ы 37 дахь дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн пүрэв гаргаас ням гарагт цахимаар үргэлжилж байгаа юм. 1967 онд байгуулагдсан АСЕАН-ы бүрэлдэхүүнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг бөгөөд тус холбоог 2020 онд Вьетнам даргалж байгаа билээ. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »