МОНГОЛ ТАЛ НУТАГТАА МӨНХӨД ОРШИХ НАЙРАГЧ АЖ

0
221

Дууны шүлгийн нэрт мастер, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалын мэндэлсний 65 жилийн ойд зориулсан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Монголын үе, үеийн хамгийн шилдэг дуунуудын зохиогч нь Загдын Түмэнжаргал хэмээх эрхэм байсныг хүмүүс эргэн дурсч, сайхан дуу хуураар хөөрч баяссан нэгэн сайхан үдэш энэ өдөр болов.

Монголын хүүхдийн дууны хөгжлийг шатаар нь биш үеэр нь урагшлуулсан хүн бол яах аргагүй З.Түмэнжаргал. Түүний алтан хамтрагч Монгол Улсын гавьяат багш, хөгжмийн зохиолч Л.Галмандах агсантай хамтран бүтээсэн олон дуу бий. “Монголын тал нутаг” хүндэтгэлийн концерт бяцхан дуучид “Ээжээ та энийг хараач, нээрээ би цэцэг юм уу” гэж дуулснаар эхэлсэн билээ. Мөн “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол” гэсээр дуулах жаалууд танхим дүүрэн цугларсан үзэгчдийг хүүхэд насанд нь хүргэж өгөхөөс гадна, З.Түмэнжаргал гэдэг хүний зохиосон дуу болгон хит байсныг, сэтгэлд хүрсэн сайхан дуунуудын эзэн тэр хүн байсныг эргэн сануулж, дурсамжид аялуулсан билээ. Хаврын хаварт төгсөгчдийг донслуулж дэнслүүлж байдаг “Уяхан цэнхэр” хавар дууг дуучин С.Сэрчмаа уянгалуулав. Тэгээд  тоглолт “Салаа хархан гэзгэн дээр чинь Туузан цэцэг ахиад ургахгүй ээ” хэмээн дуулдаг “Төгсөх сурагчийн уянга”, “Сургууль минь баяртай”, “Учран золгохын ерөөл” гээд сэтгэлийн чавхдсыг татах олон сайхан дуугаар үргэлжилсэн.

“Арван жилийн алтан босгыг

Алхаж орсон анхны өдрөөс

Арвин эрдмийг шимтэн хүртсээр

Арван жилийг ардаа орхилоо” гэж дуулах гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших “Энэ сайхан дуунууд намайг олон жил тэжээлээ” гэж чин сэтгэлээсээ хэлсэн билээ.

“Ньюанс хамтлаг” анх “Мөнгө аз жаргалын түлхүүр ээ” гээд дуулахад гайхах хүмүүс цөөнгүй байсан. Гэвч удалгүй үг нь үнэн, аялгуу нь хэмнэл зайтай энэ дуу энд тэндгүй дуулагдах болсон юм. Поп опера дуулдаг энэ хамтлагийг өөрөөр нээж харуулсан энэ дууг тэд мөн энэ өдөр дуулсан билээ. Мөн “Voice” хамтлаг “Ижийдээ бичсэн захидал” дууг, тус хамтлагийн дуучин С.Баттулга “Очоод золгоно доо” дууг дуулсан. Цаашлаад дуучин Н.Гантулга “Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа”, дуучин Ч.Насантогтох “Хайр, ариун хайр минь”, дуучин Т.Эрдэнэтунгалаг “Нуугаад нуугаад уйлсан юмсан даа, Нулимсан дунд минь уулс дайвалзана” гэсээр гарч ирэхэд хүмүүс “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Дуулж л явахаас даа” гэсэн хит дуунууд бүгдээрээ нэг хүнийх гэж үү хэмээн гайхширч байлаа. Загдын Түмэнжаргал агсан амьд ахуйдаа уран бүтээлийн тоглолтоо тогтмол хийдэг байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд тэрхүү уламжлал болсон тоглолт тасарснаас шинэ залуу үеийнхэн дууг нь мэдэхээс зохиосон эзнийг нь тэр бүр мэдэхгүй болсон тал харагдана. Гэхдээ энэ тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс ямар ямар дуунууд дуулахыг мэддэг нэгэн үеийнхэн буюу харьцангуй ахмад хүмүүс байсан бөгөөд залуус нь “Энэ гоё дууг бас зохиосон хүн байжээ” гэж дэргэдэхдээ хэлэх нь сонстоно. Мөн “Халтар манан хөөрөг” дууг ардын дуу гэж боддог байсан гэтэл энэ хүнийх байжээ гэх хүмүүс ч таарсан. Дууны дуунууд хүүхэд, хайр сэтгэл, ардын мэт, дуульс туулийн гээд зах хязгааргүй гэдэг нь энэ үдэш батлагдаж байлаа.

Үнэхээр л тэнд дуулагдсан дуу болгон хүмүүсийн хэзээний танил, дагаад аялдаг, дуулдаг дуунууд нь байлаа.

Энэ тоглолтын зохион байгуулалт, найруулга нь бас сэтгэлээ шингээж, тунгааж хийсэн гэдэг нь илт харагдаж байлаа. “Монголын тал нутаг” тоглолтыг “Саунд оф Монголиа”-гийн захирал М.Уянга найруулсан ажээ. Тайзан дээр гарч ирсэн хүүхдүүд, бүх дуучин цэцгийн баглаатай гарч ирсэн тусгайлан зассан индэрт нэрт зохиолчийн дурсгалд зориулсан сэтгэл шингээсэн цэцгээ өргөж байлаа. Уг индэрт З.Түмэнжаргал агсны бичгийн ширээ, бичгийн машин, ширээний чийдэнг тавьжээ. Бүхий л уран бүтээлчид эзэн нь явсан ч уран бүтээл нь амьд мэт мөнхөрч, бидний дунд үргэлж оршиж байгаа хэлж байсан нь учиртай. Мөн дэлгэцийн ард гарч байсан кино монтаж сэдэв дуутайгаа гайхалтай зохицож байлаа. Үүнийг СУИС-ийн багш Ц.Батнайрамдал найруулан бүтээжээ.

Энэхүү тоглолтыг зохион байгуулахаар алсын Франц улсаас өөрийн хамтлагтайгаа ирсэн дуучин Б.Мягмарсүрэн ханийх нь уран бүтээлд дуртай үзэгч олондоо талархал илэрхийлээд “Баярлалаа”, “Дууны хорвоо” дуунуудыг амьд хөгжмийн хамтлагтай дуулсан билээ. Барууны орнуудаас бүтэн амьд хөгжмийн хамтлагтай ирж тоглолт тавьж буй анхны тохиолдлын эзэн дуучин Б.Мягмарсүрэн болж байгаа юм.

“Ус мөрөн олон чиг” бол манай чансаатай дуучдыг гаргаж ирдэг, шандсыг нь сорьдог, шавхдаг дуу билээ. Энэ дууг Сэлэнгэ нутгийн хүү Б.Баттөр дуулсан. Үнэхээр үзэгчид сэтгэл хөдлөн хүлээж авсан бөгөөд Ардын жүжигчин А.Долгор “Монголын тал нутаг”-ийг хорь шахам жилийн өмнөх шигээ л уянгалуулсан билээ.

“Монголын тал нутаг” шиг өргөн уудам шугуйг Загдын Түмэнжаргал Монголын урлагт бүтээжээ. Тэрхүү өтгөн өргөн шугуй шуугин наагиж монголчуудын сэтгэлийг үеийн үеийн хөглөн хөөргөж байх болно. Эзэн нь явсан ч уран бүтээл нь үлддэг яруу найрагчийн хувь тавилан гайхалтай ажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!