Г.ЦЭРЭНДАВАА: Хүүхдийн нас бага тусам багш биднээс илүү ур ухаан шаарддаг

0
4880

Цэцэрлэгийн багш бол тэнтэр тунтар алхааг тэнцүүлж, шулга хэлийг үгээр баяжуулж өгдөг багш багшийн анхдагч билээ. Тэр  утгаараа дуу хөгжим, инээд хөөр цалгисан нэгэн өргөөг зорилоо. Үүдээр нь шагайхад л хүүхдийн инээд хөөр, баяр баясал угтах энэхүү өргөөнд өнөөдөр хүүхдүүд маань сурсан зүйлсээ эцэг эх, багш нартаа шалгуулж урам авч байв. Эгдүүтэй бяцхануудын  багштай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө уншигч олонд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Г.Цэрэндаваа гэдэг.  2016 онд Отгонтэнгэр их сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын  багш мэргэжлээр төгссөн. Одоо Отгонтэнгэр их сургуулийн дэргэдэх “Одтой жаалууд” цэцэрлэгт хоёр дахь жилдээ ажиллаж байна.

-Яагаад заавал энэ мэргэжлийг сонгох болсон бэ?      

-Өдөр бүр хүүхдийн инээд хөөр, баяр баясалтай учирна гэдэг хамгаас сайхан. Тэр ч утгаараа мэргэжил бүрээс хамгийн сайхан нь гэж боддог. Би угаасаа хүүхдэд их хайртай хүн л дээ. Магадгүй цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан энэ зан маань ч байж мэднэ. Хүүхэд бол улс орны ирээдүй. Бидний үргэлжлэл. Хүн эхээс төрөхдөө муу хүн болж төрдөггүй. Тэдэнд зааж сургасан зүйл нь л хожим сайн муу үр дүн авч ирдэг. Тийм учраас багаас нь зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Цэцэрлэгийн багш бол яг үндэс суурийг нь тавьж өгдгөөрөө онцлогтой. Цаг наргүй ч гэлээ хамгийн жаргал­тай ажил даа.

-Залуу хүнд цаг наргүй ажиллах хэцүү биш үү?

-Тиймээ бид өглөө эрт  ирж орой оройтож тардаг нь үнэн. Бараг л хоногийн талд нь ажил дээрээ өнгөрүүлдэг гэхэд болно. Тэглээ гээд би ажлаасаа хэзээ ч залхаж төвөгшөөж үзээгүй. Анх энэ цэцэрлэгт ирээд бага анги дааж авч байлаа. Хэлд орох нь бүү хэл дөнгөж л тэнтэр тунтар алхаж байсан хүүхдүүд шүү. Өдөр бүр тэдэнтэйгээ байж инээд хөөрийг нь харах сайхан байдаг. Одоо манай ангийн хүүхдүүд дунд бүлэгт орсон. Дуу бүжиг заахад их урамтай. Байнга л намайг хөгжөөж байдаг даа. Өнөөдөр гэхэд хүүхдүүдийнхээ дунд  дууны тэмцээн зохиолоо. Бүгдээрээ их мундаг дуулж байна.

-Дууны тэмцээн гэснээс хүүхэд бүр өөр өөр дуу дууллаа. Яаж ингэж сайн цээжлүүлж сургаж чадав аа?

-Хүүхэд заасан юмыг тэр үедээ биш ч дараа нь өөрөө сурчихсан байдаг. Тийм учраас заавал энд суу, цээжил гэх зэргээр хүчлэх хэрэггүй. Миний хувьд өөрөө хүүхдүүддээ хөдөлгөөн хийж, үйлдлээр ойлгуулж сургадаг. Хүүхдүүддээ бага ангид байхаас нь эхлээд л энэ бүх дуунуудаа зааж эхэлсэн. Тэгээд өнөөдөр хүүхдүүдийнхээ дунд дууны уралдаан зохион байгуулсан маань энэ. Бүгд маш сайн оролцлоо.

-Таны бодлоор багш хүн ямар байх ёстой вэ?

-Хүүхэд бүрийн зан чанарт тааруулж тэдэнтэй ойлголцохын тулд их хувирамтгай байх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл жүжигчин гэх юм уу даа. Ер нь хүүхдийн нас бага байх тусам багш биднээс улам илүү ур ухаан шаарддаг гэх үү дээ.

-Багшийн цалин бага, ажиллах нөхцөл хэцүү гээд хүмүүс энэ мэргэжлийг сонгох нь цөөрсөн. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлнэ гэдэг өөрөө асар их өндөр хариуцлага. Мэдээж хүний амьдралд цалин мөнгө чухал байлгүй яахав. Гэхдээ хүн байгаа нөхцөлдөө тааруулж амьдарч сурах хэрэгтэй. Миний хувьд цалин мөнгө бага гэж голж чамлах ч юм уу эсвэл цалингийнхаа хэмжээнд тааруулж хүүхдүүдтэй харьцдаггүй. Угаасаа багш хүний ёс зүйд ийм муухай зан чанар байж болохгүй гэж боддог. Бид чинь өөрөө ашгийн бус хүн байх ёстой шүү дээ. Хүн угаасаа дуртай ажлаа хийж түүнээсээ таашаал авдаг. Анхнаасаа энэ ажлыг хийвэл их мөнгө олно гэж энэ мэргэжлийг сонгоогүй.

-Баярлалаа, таны ажилд амжилт хүсье ээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!