УИХ-ын гишүүн өөрөө хүсвэл түдгэлзүүлэх эрхийг нь нээж өгнө

0
145

Улаан махны хэрэгт хутгалдаад байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд хууль засахаас өөр аргагүй нөхцөл байдалтай тулгарсан талаар эрх баригчид ээлж дараалан мэдэгдсэн. Тиймдээ ч УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яаран сандран гүйлдсэн билээ. Гэвч байнгын хорооны хуралдааны үеэр өнөөх хуулиа засахыг дэмжихгүй байсан бол чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг хүлээлээ. Ингэснээр хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Хуулийн мухардлыг арилгаснаар Д.Гантулгаас гадна Д.Мурат гишүүний асуудал ч хөндөгдөж мэдэх гэнэ.

Гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс гадна сургалт семинар зохион байгуулах хэрэгтэй гэх саналтай гишүүн ч чуулганы хуралдааны үеэр байлаа. Тухайлбал, гишүүн Б.Бат-Эрдэнэ “Эрүүгийн хэрэгтэй холбоотой хүмүүс цөөхөн байна байх. 2016 оны УИХ-ын сонгуулиар 40 гаруй шинэ гишүүн, тэр дундаа залуучууд сонгогдсон. Тиймээс намын бүлэг нь залуу гишүүддээ анхааруулах, сургалт явуулах ажлыг хийх ёстой. 2008 оноос хойш УИХ-д бизнесийн салбарынхан төрд орж ирэх болсон. Монгол Улсыг бизнесийн салбар авч явж байгаа нь маргахгүй үнэн ч төрд ажиллах нь хэр ёс зүйтэй юм бол гэдгийг бодох ёстой. Энэ хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийх ёстой” хэмээсэн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд АН-ын гишүүдийг хэрхэж байсан болоод улаан махны хэрэгт эрхмийн асуудлыг яагаад хууль өөрчлөн хэлэлцэх болов гэдгийг Л.Болд гишүүн тодруулсан. Тэрбээр “Энэ асуудлыг ярилцахдаа өнгөрсөн хугацаанд болж байсан иймэрхүү тохиолдлуудын талаар мэдээлэл гишүүдэд өгөх ёстой. Миний санаж байгаагаар 1996 онд казиногийн хэргээр УИХ-ын гишүүдийг барьж, хэдэн сараар хорьж байсан тохиолдол бий.  Тухайн үед тэр гишүүдийг яг ямар хэргээр хорьж, ял шийтгэл оноож байсан. Парламентаас түдгэлзүүлээгүй байхад 2000-2004 онд АН-ын гишүүн Д.Гүндалайг баривчилсан. 2004-2008 оны парламентад МАН-ын нэр бүхий гишүүдийн асуудал яригдсан. Энэ мэт өмнөх УИХ-ын гишүүний асуудалтай холбоотойгоор эрх зүйн ямар үндэслэлээр шийдвэрлэж байсан юм гэдгийг өнөөдөр тодруулмаар байна. АН-ын гишүүнд хууль хатуу үйлчилдэг, МАН-ын гишүүн очихоор асуудлыг өөрөөр шийддэг байдал ажиглагдаад байна. Энэ мэтчилэн асуудлыг хоёр өөрөөр хуулийн байгууллага шийдэх тохиолдол гарч байх жишээтэй.  Хуулийн байгууллагад ийм олон стандарт үйлчилбэл  ард иргэд хуульд итгэх итгэл алдарна” гэлээ.

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудын талаар бид тодорхой мэдээлэл бэлтгэж, гишүүдэд тараана. Ер нь УИХ-ын гишүүний халдашгүй, хууль дээдлэх хариуцлагын асуудал бас яригдах ёстой. Хүн хуулиа дагаж мөрдөх нь нэг номерт тавигддаг. Энэ үндэслэлээр хуулийн төслийг боловсруулсан” хэмээсэн.

Сүүлийн үед хууль хяналтын байгууллагын тухай асуудал ярихад МАН, АН-ын шүүх, прокурор ажиллаж байна гэх болсныг гишүүн Д.Хаянхярваа шүүмжлэв. Тэрбээр “Бид ингэж хууль хяналтын байгууллагын нэр хүндийг УИХ-ын гишүүд өөрсдөө популизм хийж яриад байхаар яаж ард түмэн хуулийн байгууллагад итгэх вэ. Бид өөрсдөө шударга шүүх, АТГ, хуулийн байгууллагатай болох вэ гэдгээ ярих цаг болсон. Шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хоорондоо хэрэлдээд суугаад байх нь зөв үү гэдгээ бодох хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд ард түмэн биднээс залхаж байна” хэмээв.

Гол нь УИХ-ын гишүүн өөрийн биеэр бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл гаргавал УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэх талаар хуульд тусгахыг гишүүн Ж.Батзандан хүссэн. Улмаар тухайн гишүүн гэм буруутай бол хариуцлагаа хүлээнэ, гэм буруугүй бол буцаад ажлаа хийгээд явах ёстой. Улс төрийн өндөр соёлыг тогтоохын тулд өөрийнх нь саналаар түдгэлзэх эрхийг нь нээж өгөх ёстой гэдгийг тэрбээр хэлж байв.

Цэцийн дүгнэлт гишүүдийг талцуулав

Цэцийн дүгнэлт гишүүдийн тархийг гашилгаж, заримыг нь халаглахад хүргэв. Чуулганы хуралдаанаар үргэлжлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шийдвэрээр 2017 оны долдугаар сарын 20-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Д.Ганболдыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээх Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Улмаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх үзэв. Тухайлбал, гишүүн Д.Тогтохсүрэн “Орон нутгийн удирдлагуудыг тогтвортой байлгах шаардлага байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж, Засаг даргыг огцруулах эсэх асуудлаар яригдана. Засгийн газраас Хөвсгөл аймгийн Засаг даргыг долоон жил төрийн албанд ажилласан гэж томилсон. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс Засгийн газрын шийдвэрүүдийг хууль бус гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх 1995 оны хуулиар улс төрийн албан тушаалыг төрийн албанд ажилласанд тооцно гэсэн журам өнөөдөр ч хүчин төгөлдөр байхад Үндсэн хуулийн цэц яагаад үүнийг авч хэлэлцээгүй юм бэ” гэсэн бол  гишүүн Ц.Мөнх-Оргил “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  Төрийн албаны тухай хуулийн намын байгууллагад ажиллаж байсан бол түүнийг төрийн албанд ажиллаж байснаар нь тооцно гэсэн заалт байсаар байхад яагаад Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргасан юм бол. Хэрэв УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэх байх. Тэр үеэрээ Үндсэн хуулийн цэц асуудлыг олон талаас нь авч үзэж, хэлэлцээсэй гэж хүсч байна.

Мөн гишүүн Л.Энх-Амгалан “Цэц ийм дүгнэлт гаргасанд харамсч байна. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа эсэхэд хараа, хяналтаа чиглүүлэх ёстой. Гэтэл орон нутгийн чанартай ийм хэргийг татаж аваад, хэлэлцэн дүгнэлт гаргасан байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар “УИХ-д суудалтай намын гишүүн төрийн албанд томилогдохоор бол намын албан тушаалыг төрийн албан хаагчаар ажилласанд тооцно” гэсэн хүчин төгөлдөр заалт яагаад үйлчлэхгүй байна вэ. Түүнээс гадна гомдол гаргасан иргэн нь өөрийнхөө гомдлоо эргүүлэн татсан байхад яагаад Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргасныг гайхаж байна” гэв.

Тэр бүү хэл, эл асуудал О.Баасанхүү, Д.Лүндээжанцан гишүүн нарыг хэл амаа билүүдэж, зөрчилдөхөд хүргээд амжив. Гишүүн Д.Лүндээжанцан “Би бол цэц биш. О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн нэр усыг дуудаж, элдвээр хэлж байгаа нь учир дутагдалтай байна” хэмээсэн.

Монголд терроризм үгүй учраас хууль хэрэггүй гэв үү

Терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй гэдгийг Тагнуулын байгууллагаас чуулганы хуралдааны үеэр мэдэгдэв. Харин мөнгө угаах гэмт хэрэг олон үйлдэгдсэн байдаг ч шүүхийн байгууллагаар шийдэгдсэн нь цөөн. Тухайлбал, МИАТ-ийн удирдлагууд болон Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой хэргүүд бий. Аль аль нь шүүхээр шийдэгдсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдэд хэлсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол амар амгалан, том хоёр хөршийн дунд амьдран сууж байгаа, терроризм гэсэн ойлголт байхгүй атал ийм хуулийн төсөл оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандав. Хуульч хүний амнаас ийм үг гарсанд хууль санаачлагчид битгий хэл танхимын гишүүд ч гайхаж байгаагаа өөр зуураа шивнэлдсэн.

Өнгөрсөн хугацаанд мөнгө угаах гэмт хэргээр хоёр хууль шүүхээр шийдвэрлэсэн байдаг ч амьдрал дээр энэ төрлийн гэмт хэрэг маш олон үйлдэгддэг учраас хуулийн төслийг санаачлах нэг үндэслэл болсон байна. Мөн мөнгө угаах гэмт хэргийг АТГ, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг олон байгууллагууд хамтран шалгадаг. Тиймээс хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бусад улс оронтой хамтрах зэрэг эрх зүйн зохицуулалтуудыг боловсруулсан аж. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Монгол Улс мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын хуралд оролцсон. Энэ тайлангаар Монгол Улс эрчимтэй буюу саарал жагсаалтад орсон. Хуульд урьдчилан сэргийлэх, хангалтгүй ажиллаж байгаатай холбоотойгоор саарал жагсаалтад оруулсан байсан. Тиймээс хуулийг урьдчилан сэргийлэх, хуулийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалт сайжирна гэсэн үг” хэмээн тайлбарлав.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал “Мөнгө угаах терроризмтэй тэмцэх хуулийн гол зорилго нь урьдчилсан сэргийлэх зорилготой. Бид мөнгө угаах гэмт хэрэг бий болохоос сэргийлж байна. Монголбанкны санхүүгийн мэдээллийн алба нь 20 сая-аас дээш ам.долларын  гүйлгээ хийсэн тохиолдолд мэдүүлэх үүрэгтэй. Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол санхүүгийн хориг арга хэмжээнд орно” гэдгийг ч танхимынхандаа учирласан юм.

Гишүүн Д.Дамба-Очир “Хуулийг батлах шаардлага бий. Гэхдээ хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй. Мөн сүүлийн үед Европ руу зарим төрлийн банкны гүйлгээ хийгдэхгүй хүндрэл үүссэн. Энэ байдлаараа аж ахуйн нэгж, иргэд нь гадаад руу гүйлгээ хийж чадахгүй байдалд хүрэх вий.  Арилжааны банкаар дамжин эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө орж ирэх болсон. Энэ мөнгөний эх үүсвэрийг тогтоож чаддаггүй” гэдгийг хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!