“Бид чинь жинхэнэ хувьсгалчид шүү дээ”

0
75

Сирийн сөргөлдөөнийг дайны замаар шийдвэрлэж болох уу. Яагаад Башар Асадыг эсэргүүцэгчид түүнийг улстөрийн тавцангаас бүрмөсөн зайлуулахыг шаардаад байгаа юм бэ. Хоёр жил гаруй үргэлжилж буй Сирийн иргэний дайнд гадны хүчин ямар нөлөөтэй вэ. Энэ бүхний тухай Оросын “Газета.ru” сайт Сирийн сөрөг хүчний лидерүүдийн нэг Кадри Жамильтай ярилцжээ. Тэрбээр сөрөг хүчний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд болон Сирийн шадар сайдын хувиар Москвад нэг бус удаа ирж байсан аж.

Qadri Jamil, a former deputy prime minister representing Syria’s opposition Popular Front of Change and Liberation, listens for a question at a news conference in Moscow, Russia, Friday, April 10, 2015.

Та олон удаа Москвад ирж, Оросын дипломатуудтай уулзаж байсан. Чухам ямар сэдвээр ярилцаж байв?

Сирийн хямралаас гарах арга зам, “Женев-2” уулзалтын бэлтгэл ажил, сөрөг хүчний янз бүрийн бүлэглэлүүдийн байр суурийн талаар ярилцсан. Үр дүнд нь бид аль болох ойрын хугацаанд “Женев-2” уулзалтыг зарлан хуралдуулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа. Цус урсгасан энэ гамшигт дайныг зогсоох боломжтой цорын ганц зам бол энэ. Хэрвээ энэ чигээрээ үргэлжилбэл улстөрөөс шалтгаалсан хүмүүнлэгийн гамшиг жинхэнэ утгаараа нүүрлэх болно. Ийм учраас “Женева-2” зайлшгүй шаардлагатай. “Женева-2” гэж чухам юу юм бэ. Юуны түрүүнд Сирийн хэрэгт гадны цэргийн оролцоог зогсоох. Сирийн нөхцөл байдал гадаадын хөлсний зэвсэгт дайчдаас болж улам хурцдаж байна. Янз бүрийн тоо баримтаар тэдний тоо 20-40 мянга хүрчээ. Тэд сайн бэлтгэгдсэн, байлдааны туршлагатай. Хятадаас авахуулаад Испани хүртэл дэлхийн олон арван орноос ирдэг. Энэ бүгд яг л шинэ фашизмтай адилхан. Яагаад гэвэл тэдгээр хэт даврагчид Сирид хүний толгой тасалж, зүрхийг нь сугалан идэж байна.

Та өмнөх илтгэлдээ сиричүүдийн 90 хувь нь аль ч талыг дэмждэггүй гэж байсан. Өөдрөгөөр хараад үзье. “Женев-2” болж, эрх баригчид болон босогчид хэлэлцээрийн ширээний ард суулаа. Тэгвэл тэр 90 хувийн эзлэх байр суурь энд хаана байх юм бэ?

Улс төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Түүнээс гадна, сиричүүд дэглэмийн төлөө, эсрэг, эсвэл зэвсэгтэй, зэвсэггүй гэдгээс үл хамааран гадны хөлсний этгээдүүдийн эсрэг нэгдэх хэрэгтэй байна. Сирийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэхийн тулд одоо өрнөж буй сөргөлдөөнийг эх орны төлөө дайн болгон хувиргах хэрэгтэй.  Хэрвээ олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Сирид гадны хүчнийхний дэмжлэгээр нүүрлээд буй терроризмын эсрэг тэмцэх ёстой гэсэн шийдвэр гаргавал бидэнд их тус нэмэр болно. Ингэснээр терроризмыг дэмждэг сувгийг хаах эхний алхам болох юм. Энэ тал дээр тусалчихвал бусдыг нь бид өөрсдөө хийчихнэ.

Сирийн хил олон мянган км үргэлжилдэг, бараг л хараа хяналтгүй. Хүмүүс, зэвсэгт дайчид, зэр зэвсэг, мөнгө чөлөөтэй орж, гарч байна. Ийм нөхцөлд дайныг яаж зогсоох юм бэ. Олон улсын хамтын нийгэмлэг хариуцлагыг өөртөө авч, цаашид Турк, Саудын Араб зэрэг бүс нутгийн тэргүүлэгч улсуудад гадны зэвсэгт дайчдыг санхүүжүүлж, дэмжихийг зөвшөөрөхгүй гэдгийг хэлэх ёстой.

Нэг л зүйл дээр тохиролцох хэрэгтэй. Та нар гадны оролцоогоо зогсоо, харин бид сиричүүдийн дотоод сөргөлдөөнийг улстөрийн арга замаар шийдвэрлэнэ гэдгээ амлаж байна. Энэ л Женевийн уулзалтын гол үр дүн байх ёстой.

Сөрөг хүчин шилжилтийн Засгийн газар, шинэ сонгуулийн төлөө тэмцэж байгаа.  Гэвч Сирийн босогчдын эгнээнд “Аль-Кайда”-тай холбоотой бүлэглэлүүд удаан хугацааны турш тулалдсаар байна.  Ийм нөхцөлд “сонгууль”, “шилжилтийн засгийн газар” гэдэг үгүүд нэг л авцалдахгүй байх шиг?

Тэднийг санхүүжүүлж, дэмжиж байгаа хүмүүстэй үүнийг ярих хэрэгтэй. Ийм ч учраас Женевийн уулзалт маш чухал, зайлшгүй шаардлагатай байгаа юм. Орос, АНУ зэрэг олон улсын хүчин бүс нутгийн хүчнийхэнд “Тоглолтоо дуусга, одоо нөхцөл байдлыг зохицуулах өөр системд шилжинэ” гэж хэлэх хэрэгтэй. Хэрвээ энэ асуудлыг шийдчихвэл гадны хөлсний этгээдүүдээс ангижрах хоёр л арга зам бидэнд үлдэнэ. Нэг бол тэд өөрсдөө явах, эсвэл бид тэднийг хөөн гаргах болно.

Асадын талд ч “Хезболла” хөдөлгөөний зэвсэгт дайчид тулалдаж байгаа?

Хэн ч үүнийг үгүйсгээгүй. “Хезболла” ч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ бол өөр асуудал. Эхлээд босогчдын эгнээнд хэт даврагч зэвсэгт дайчид орж ирсэн. Үүний дараа л “Хезболла” Сирийн армид тусламж илгээсэн. Тэд гадны аливаа цэргийн оролцооны эсрэг байгаа. Гэхдээ гарвал бүгд л адилхан Сириэс гарах ёстой. Үүний зэрэгцээ “Хезболла”-гийн мэдэгдэж байгаагаар тэдний зорилго бол Сири биш, харин Ливаны өмнөд хилийг Израилиас хамгаалахад оршиж байгаа юм.

Та нэгэн ярилцлагадаа Сирид хэзээ ч чөлөөт сонгууль болж байгаагүй гэжээ. Таны бодлоор хэрвээ Засгийн газар болон сөрөг хүчнийхэн ойрын хугацаанд шинэ, чөлөөт сонгууль явуулахаар тохиролцоонд хүрч чадвал Сирийн ард түмэн хэнийг сонгох бол? Египет шиг исламистууд засгийн эрхэнд гарах магадлал хэр байгаа вэ?

Сирид чөлөөт сонгууль явагдаж байгаагүй. Яагаад гэвэл улс, нийгмийг удирдах үүрэг ролийг БААС нам гүйцэтгэнэ гэсэн Үндсэн хуулийн VIII заалт байлаа. Харин 2012 оны хоёрдугаар сард бүх ард түмний санал асуулгаар бид энэ заалтыг өөрчилж, олон намын тогтолцоог баталгаажуулсан. Гэвч шинэ Үндсэн хуулийг баталсны дараа явуулсан парламентын сонгууль хуучнаасаа ямар ч ялгаагүй болж байсан. Зөвхөн Сирийн ард түмний ардчилсан тэмцэл ардчилсан сонгууль явуулах боломжийг бий болгоно. Ард түтмнээс айх хэрэггүй. Тэд алдсан ч алдаагаа засч чадна.

Хэрэв Женевийн уулзалт болохгүй бол яах вэ?

Сири дэх хүмүүнлэгийн гамшиг улам гүнзгийрэх болно. Хохирогсдын тоо саяыг ч давна. Хямралаас гарахыг хүсч л байгаа бол “Женев-2” зайлшгүй шаардлагатай.

New York Times”-т өгсөн ярилцлагадаа та өөрийн харьяалагддаг аядуу зөөлөн сөрөг хүчний зорилго бол “одоогийн олонхийг цөөнх болгох” гэж хэлсэн байна лээ? 

Үүнийг наргиа болгож л хэлсэн юм.

Наргиа?

Тийм ээ. Үнэн хэрэгтээ Сирийг ардчилсан улс болгох нь л бидний гол зорилго. Гэхдээ олонхи нь цөөнх, цөөнх нь олонхи болдог тийм л нийгмийг ардчилсан гэх байх. Үнэхээр ноцтой хэлбэл бидний эцсийн зорилго бол энхийн замаар улстөр, эдийн засгийн гүнзгий өөрчлөлт хийх явдал юм. Миний бодлоор “Ерөнхийлөгчийн огцруул” гэдэг дэндүү явцуу уриа. Бид системийг бүхэлд нь өөрчлөхийг хүсч байна. Системийг өөрчилсний дараа ард түмэн хүссэн хүнээ сонгог. Тунис, Египетэд ерөнхийлөгчөө түлхэн унагасан ч дэглэм нь хэвээр үлдсэн. Эдийн засгийн талаас нь авч үзвэл төр бол баялгийг хуваарилах арга. Харин нийгмийн талаасаа бол нийгмийн тэгш байдлын түвшин. Улстөрийн үүднээс бол ард түмний эрх чөлөөний хэмжүүр. Энэ гурван хэмжээст систем улс орон, нийгэм, тэдний хоорондын харилцааг өөрчилдөг. Бид чинь жинхэнэ хувьсгалчид шүү дээ.

Сирид сөргөлдөөн дөнгөж эхэлж байхад ихэнх шинжээчид Башар Асадын дэглэм хурдан хугацаанд унана гэдэгт итгэлтэй байсан. Гэвч үйл явдал эсрэгээрээ байна. Асадын дэглэмийн хүч чухам юунд оршино вэ?

Их хэмжээний сүйрэл, хохирол хүч чадлын илэрхийлэл биш. Гэхдээ Асадын дэглэмийн оршин тогтнох хугацааг хэдхэн сар, долоо хоногоор харж байсан хүмүүс харалган байна. Сири Ирак, Ливиэс ялгаатай. Нэгдүгээрт, Засгийн газрын арми нэгдмэл. Яагаад гэвэл Израильд эзлэгдсэн Голланы өндөрлөг гээд газар нутаг байгаа учир армийг нэгтгэж байгаа зорилго байна. Энэ бол эх оронч зорилго. Хоёрдугаарт, хүн амынх нь бүтэц онцлогтой. Хүн амынх нь 85 хувь мусульман Египет, бараг 100 хувь суннитүүд Тунистай огт адилгүй. Сири бол асар том хөлөг онгоц. Ийм учраас Сирид хэн ч ялалт байгуулах боломжгүй. Хэн ч харьцангуй олонх болж чадахгүй.

Хүн амын 10 орчим хувийг эзэлдэг Сирийн курдууд бие даасан шилжилтийн Засгийн газар байгуулсан нь саяхан тодорхой болсон. Энэ нь Сирийн задралын эхлэл биш үү.

Онолын хувьд бол тийм. Энэ бол барууны хүчнийхний нэг зорилго. Дал гаруй жилийн өмнө Сирийг хуваах анхны оролдлого бүтэлгүйтсэн юм.Тэр үед францчууд Сирийг таван тусгаар улс болгохоор төлөвлөж байсан.

Курдууд бие даасан бус шилжилтийн Засгийн газар байгуулсан. Ийм байгууллага зөвхөн курдууд төдийгүй Сири даяар байдаг. Иймээс Сирийн задрал болохгүй.

Орос-Амеркийн харилцаа сүүлийн жилүүдэд нэлээд хурцдаж, зарим нэг ажиглагчид “хүйтэн дайн”-ын үе эргэн ирж байгаа талаар ярих болсон. Гэтэл есдүгээр сард огт санаандгүй байхад Сирийн химийн зэвсгийг устгах тал дээр энэ хоёр улс тохиролцоонд хүрч чадлаа?

Тэд шинэ тахал, шинэ фашизмын эсрэг хамтран зогсох ёстой. Рузвельт, Сталин хоёрын эвлэрэл санаандгүй зүйл байгаагүй гэж үү. Сталинтай хэтэрхий дотноссон учир Рузвельтийг буруутгаж байсан биз дээ. Гэхдээ Рузвельт Германы фашизм хэчнээн аюултай болохыг ойлгож байсан. Одоо АНУ-д шинэ фашизм ямар аюултай болохыг ойлгодог саруул ухаантай улстөрчид байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!