“ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖСЭНГҮЙ

0
233

УИХ-ын Төсвийн байнгын хороон өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян, ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй гэж төсөл санаачлагч үзжээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж,  З.Нарантуяа, Д.Оюунхорол, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар нар  санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа “Хүүхдийн мөнгө Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого болохоос халамж биш тул үндэсний бодлогоо дэмжээд  хүүхдүүдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа ч эдийн засгийн өнөөдрийн нөхцөл боломждоо тулгуурлаж 80 хувьд нь олгох нь зүйтэй. Өнгөрсөнд хийсэн судалгаанаас харахад 13-17 хувь нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байна. Иймд Засгийн газар энэ мөнгийг өрх толгойлсон, орлого багатай айл өрхөд нэмж өгөх бодлого барих шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлж байв. 

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг  дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!