Тээврийн жолооч нарыг вакцинжуулалтанд хамруулж эхэллээ

2021-03-20
1 min read

Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, тээврийн компаниуд болон вакцинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн нийт 298 аж ахуйн нэгжийн 39454 ажилчдын судалгааг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Үүний дагуу уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн жолооч нарыг нэн түрүүнд вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулж, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт 11000 вакцины тун хүргэгдэн дархлаажуулалтыг өнөөдрөөс эхлүүллээ. Өмнөговь аймгийн эмч нар Гашуун сухайт боомтын тээврийн жолооч нарыг 6-7 хоногт багтаан вакцинд хамруулсны дараа Шивээ хүрэн боомтод үргэлжлүүлэн ажиллах юм.Мөн томоохон уурхайнууд өөрийн хөрөнгөөр дархлаажуулалтын вакциныг худалдан авч ажилчдаа вакцинжуулах талаар санал, хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас чиглэлийг авч, уурхайнуудын захирлуудтай цахим хурлыг зохион байгуулан зөвшөөрөгдсөн вакцинууд, Монгол улсад вакцин оруулах зөвшөөрөл авсан компаниудын мэдээллээр ханган ажиллаж байна. Харин уурхайн ажилчдын хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзаж вакцинжуулалтын хоёр багийг орон нутагт ажиллуулахаар тохирлоо. Эрүүл мэндийн яамны зүгээс вакцинаар хангах тул уурхайн удирдлагуудаас ирүүлсэн маршрутын дагуу уурхайчдад вакцин хийх ажлыг нэн яаралтай эхлүүлэхээр боллоо. 

Орчуулах »