БӨХИЙН ӨРГӨӨГ БУЛААЛДСАН БӨХЧҮҮДИЙН ЗОДООН ТАСРАХГҮЙ НЬ

0
252

Сүүлийн үед Монгол бөхийн өргөөнд бөхчүүд багагүй үймээн тариад авсан. Нөгөө л МҮБХ-г тойрсон хэл ам хэрүүлээс үүдэлтэй. Өнгөрөгч сард МҮБХ-с “Их-Эе” хурлаа зарлан хуралдуулж Р.Нямдорж тэргүүн өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ тэргүүнээр УИХ-н гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргыг сонгосон билээ. Гэтэл УИХ-н гишүүн А.Сүхбат, Гацуурт компанийн захирал Л.Чинбат, Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэсэг нөхөр Б.Бат-Эрдэнэ аваргын тэргүүлж буй уг холбоог хууль бус, өөрсдийнх нь албан ёсны эрхтэй холбоо хэмээн зарласан. Асуудал нь хоёр тал хоёулаа тамга тэмдэг, гэрчилгээтэй бөгөөд хууль хяналтын байгууллагаас одоог хүртэл аль нь жинхэнэ, аль нь хуурамч болохыг тогтоож чадаагүй байгаад байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч амралтын өдөр А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөө рүү дайрч бөөн үймээн болсон. Үүний улмаас А.Сүхбат аварга Улсын начин Б.Одхүүд зодуулсан гэх хэргээр цагдаад гомдол гаргаад байгаа. Тэрбээр гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт хүртэл хандсан юм байх. Энэ хэрэгт БЗД-н цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Түүнчлэн Бөхийн өргөөг тойрсон цагдаагийн хамгаалалт буугаагүй байна. Энэ нь жирийн нэг хамгаалалт биш бөгөөд цагдаагийн олон машин зогссон, дээр нь хуяглаж торлосон том автобус байгаа нь иргэдэд таагүй, тайван бус сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Харамсалтай нь, энэ мэт томчуудын хэл ам, хэрүүл зодооныг таслан зогсоож, үнэн зөвийг нь тодорхойлж өгөхөд манай хууль хяналт, шүүхийн байгууллагын хүч хүрэхгүй байгаа нь өрөвдмөөр. Энэ мэд явдаас үүдэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Бөхийн өргөөнд болох байсан урлаг соёлын болоод бусад бүх үйл ажиллагааг түр зогсоосон байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!