Засгийн газар: Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас давбал гамшгийн үеийн УЛААН ТҮВШИНД шилжинэ

2021-03-18
1 min read

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга, Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнөөдөр /2021.03.18/ цаг үеийн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Вакцин хийх дарааллын тухайд хариу арга хэмжээний багийн буюу халдвартай иргэдтэй тулж ажилладаг иргэдийг  вакцинжуулж дууслаа. Одоо үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Өнөөдөр гэхэд хэвлэл мэдээлэл, банк санхүү, ус хангамж гэх мэт салбарын 53327 хүнийг дархлаажуулах ажил эхэллээ. Тодорхой 10 гаруй салбарынхан гэсэн үг. Бид худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянган хүн, боловсролын байгууллагын 45300 багшийг вакцинд хамруулж эхэлсэн. Энэ салбаруудын вакцинжуулалт үргэлжилнэ.

Энэ долоо хоногийн эхнээс хөгжлийн бэрхшээлтэй, ахмад насны 100 мянга орчим иргэнээ вакцинд хамруулж байна. Өдөрт дунджаар 15 мянган хүн вакцинд хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 168 мянга орчим хүн вакцинд хамрагдсан байна. Энэ нь нийслэлийн 6 хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан гэсэн үг гэж ойлгож болно. 

Цаашлаад, ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна. “AstraZeneca” вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ бусад төрлийн вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Тухайн хүний биеийн болон насны онцлогоос шалтгаалж мэргэжлийн эмч нар ямар вакцин хийхийг зөвлөж, шийднэ. Үүний дараа залуучуудаа вакцинд хамруулна. Нийслэлд 18-25 насны 960 мянган иргэнийг тавдугаар сард багтаан вакцинд бүрэн хамруулж дуусгана.

Хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад вакцинжуулалт эхэлсэн. “AstraZeneca” вакциныг эхлээд хийж эхэлсэн. Тухайлбал, энэ өдөр хийлгэсэн Ерөнхий сайд гуравдугаар сарын дундуур 2 дахь тунгаа хийлгэх ёстой байсан. Гэхдээ ДЭМБ “AstraZeneca” тариулсан бол хоёр дахь тунг 56 хоног буюу найман долоо хоногийн дараа хийх зөвлөмж гаргасан. Энэ хугацаанд хийснээр илүү дархлаа тогтохыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Ийм учраас эхний тунгаа хийлгэсэн иргэдэд дахин мессеж илгээн, хугацааг товлоно” гэх мэдээллийг өглөө. 
Мөн тэрбээр “Коронавируст халдварын үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тавихгүйгээр  хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Гэвч  коронавирусний батлагдсан тохиолдол сүүлийн өдрүүдэд 100-аас дээш тоогоор тогтмол нэмэгдэж байна. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн УЛААН ТҮВШИНД шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ” хэмээн мэдэгдлээ.

Орчуулах »