Хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй

0
442

Нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Улмаар энэ дагуу тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр Хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош оноогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгасан. Монгол Улсын нэг өрхийн дундаж орлого 1.000.000 төг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж нэмэгджээ.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход хүүхдийн тоо 228 мянга орчмоор нэмэгдэх бөгөөд 41.0 тэрбум төгрөг нэмж шаардагдахыг 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сайжирсан тул ийнхүү нэмэгдүүлж байгааг Засгийн газрын гишүүд онцолж байгаа юм.

Харин үлдсэн 20 хувийнх нь хүүхдийн мөнгийг хэдийд олгох талаар Засгийн газар болоод албаныхнаас тодруулахад “Нөхөн олгохгүй” гэсэн тайлбарыг өгөв. Улмаар энэ нь Засгийн газрын 63 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудал гэх тайлбарыг ч цухалзуулсан. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгодог байхад 10 орчим хувь нь уг тэтгэмжийг авдаггүй байсан гэнэ. Тиймээс 80 хувь гэдэг бараг 100-аас ялгаагүй гэсэн хариултыг өглөө. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөө авдаггүй 10 хувь дээр “тансаг” зэрэглэлийн 10 хувийнхан нэмэгдэж, хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа бололтой. Гэхдээ эдийн засгийн үзүүлэлт цаашид өнөөдрийнх шигээ өсөлттэй байвал нийт хүүхдэд олгож болох хувилбар бий хэмээн албаныхан хэлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!