Л.ДАНЗАННОРОВ: ӨНӨӨДӨР ШҮҮХ МАШ ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШИЙДВЭРҮҮД ГАРГАЛАА

    0
    130

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас энэ сарын 10-нд баривчилсан. Нийслэлийн прокурорын газраас түүнийг яллагдагчаар татах асуудлыг өчигдөр шүүхэд хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног үргэлжлүүлэн баривчилах шийдвэр гаргажээ.
    Шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийн заалтыг зөрчсөн шийдвэрүүдийг шүүх өнөөдөр гаргалаа. Энэ асуудлаар дараа дараагийн шүүх хуралд гомдол гаргах болно. Энэ сарын 10-нд манай үйлчлүүлэгч АТГ-т гэрчийн мэдүүлэг өгөхөөр очсон. Гэтэл түүнийг гурван цаг гаруй гэрчээр байцаагаад шүүхийн зөвшөөрөлгүй хорьсон. Угтаа бол төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг заавал шүүхийн зөвшөөрлөөр хорьж саатуулах ёстой. Тиймээс үүргээ гүйцэтгэж буй түүний бие хамгаалагч болох төрийн тусгай албаны ажилтан хамт хоригдож байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн төрийн тусгай хамгаалалт буугаагүй байхад ийнхүү хорьж байгаа нь Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчиж байна. Манай үйлчлүүлэгч энэ асуудлыг улс төрийн шалтгаантай хэмээн үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн шийдвэрийг дараагийн эрх баригчид үндэслэлгүйгээр үгүйсгэдэг, зохиомол хэрэг үүсгэн гүтгэдэг, үүндээ хууль хяналтын байгууллагыг татан оролцуулдаг байдал хавтгайраад байна. Хэрэг хянах ажиллагаанд зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдаг. Үүнээс хамгийн хүнд болох хорих арга хэмжээг Ч.Сайханбилэгт авлаа. Цаашид энэ хэрэг хуулийн хүрээнд шийдэгдэнэ хэмээн итгэж байна” гэлээ.

     

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!