“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖИЖ БАЙНА

0
33

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар 4 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар тус аймагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн явцтай танилцав.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Баянхонгор аймагт 2017-2021 онд “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчлөлийн цогц менежмент (ХӨЦМ) аргачлалыг нэвтрүүлэх, өсвөр үеийнхэнд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зөвлөмжийг боловсруулах, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх шинэлэг аргуудыг нэвтрүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд эмэгтэйчүүдэд өндөр үр дүнтэй хоол тэжээлийн багц тусламж үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах, хүүхдэд ээлтэй засаглалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж нийт 500000 орчим ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг төсөл хэрэгжиж байгаа “Эрдэм ахлах сургууль”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв” болон “Энхбүрд” өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар аймгийн удирдлагууд, асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй санал солилцов. Дэд сайд Б.Батцэцэг аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг сааруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд хамруулах зардлыг орон нутгийн болон улсын төсөвт тусгах, орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг хүүхдийн төлөө зарцуулах, усны аюулгүй байдлын төлөвлөгөөг бүх сум боловсруулж хэрэгжилтийг хангах зэрэгт онцгойлон анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудад зөвлөмж болгов.

Дэд сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт болсон “Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлгөөн”-д оролцож, хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвлөлгөөнд оролцож буй Сумдын Засаг дарга нарын сонирхсон асуултууд, ялангуяа гадаадад ажиллах хүч илгээх асуудал болон АНУ-д богино хугацааны хөдөлмөр эрхлэх Н-2 визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!