Деклан Магий: Монголын эдийн засаг 2018 онд 3.8 хувийн өсөлттэй байна

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын 2017 оны эдийн засгийн нөхцөл байдал болон ирэх хоёр жилийн ерөнхий төлвийн талаар мэдээлэл хийлээ. Тус банкнаас мэдээлснээр, 2016 онд Монгол Улсын эдийн засаг 162 хувь байсан бол 2017 онд өсөлт нэмэгдэж, 5.1 хувьд хүрчээ.

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Деклан Магий “2018 оны Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж байна.  2018 онд эдийн засгийн өсөлт 2017 онтой харьцуулахад бага зэрэг саарч 3.8 хувьтай байна. Үүнийг бид сайн үзүүлэлт гэж харж байгаа. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өсөлтийн гол хүчин зүйл. Гэхдээ өсөлтийг сааруулах эрсдэлтэй хүчин зүйл нь нүүрсний экспорт, тэр дундаа тээвэрлэлтэд гарч буй бэрхшээлүүд юм” гэлээ.

Монголын эдийн засаг 2017 онд өсөлттэй гарсан нь уул уурхайн бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалттай холбоотой гэнэ. Тэр дундаа Оюутолгойн далд уурхайтай холбоотой хөрөнгө оруулалт эхлүүлсэн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. 2016 онд онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 24,7 хувиар суларсан нь импортын дүнд нөлөөлсөн бөгөөд гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж, 2017 онд инфляцийн түвшин 4.3 хувьтай гарчээ.

Монгол Улсын ДНБ-ний өсөлтийн хурд 2018 онд саарч 3,8 хувь болох ч, 2019 онд сэргэж 3,4 хувь болно гэж таамагласан байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно гэдгийг онцолсон байна. 2017 онд дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 онд инфляци өсөх хандлагатай байгаа аж.

Харин газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр инфляци саармагжих төлөвтэй байна гэж таамаглажээ. Түүнчлэн 2017 онд ДНБ 3,9 хувьтай тэнцэж байгаа бол 2018 онд ДНБ-ний 6,4 хувь, 2019 онд 5,1 хувь болж өсөх хандлага ажиглагджээ. Цаашид дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс зэрэг уул уурхай бүтээгдэхүүний үнэ буурах, ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учрах, махны үнэ өсөх, хөрөнгө оруулалт тасрах, банкуудын бүтцийн өөрчлөлтийг хийх явцад санхүүгийн тогтвортой байдал алдагдах зэрэг нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй юм байна. Харин ашигт малтмалын үнэ өсөх, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдээ эхлүүлж чадвал эдийн засаг эерэг нөлөөл авчирна гэж Азийн хөгжлийн банкнаас гаргасан төлөвт тодотгожээ.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен Азийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. Тэрбээр “Ази номхон далайн бүс нутагт эдийн засгийн өсөлтөө тэлэх боломжууд байна. Эдийн засгийн өсөлт нь бүс нутгийн хэмжээнд 2017 онд 6.1 байсан, 2018 оны өсөлтийг 6 хувь, 2019 оны өсөлтийг 5.9 хувь байна” гэлээ.

Харин инфляци 2017 онд 2.2 хувь байсан бол 2018 онд 2.9 хувь болно. Шалтгаан нь олон улсын зах зээл дэх таваарын үнийн өсөлт болон хэрэглэгчдийн эрэлт байна.

Энэхүү төсөөлөлд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлс нь одоо авч хэрэгжүүлж буй худалдааны хамгаалах арга хэмжээ” гэдгийг онцлов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!