НҮГЭЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРАХГҮЙ БАЙВАЛ ЯМАР ВЭ ТӨСЛИЙН УДИРДАГЧ АА!

1
783

Нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын нэр хүндийг навс унагаж байгаа “Дугуйн зам” нэртэй төсөл иргэдийн бухимдлыг дээд цэгт нь тулгаж байна. Төсөлд зарцуулах мөнгөний хэмжээ тийм бага биш. Гэвч хийж бүтээсэн дугуйн зам ямар ч тооцоо судалгаагүй, дээр нь өнгө үзэмжгүй, заасан стандартгүй хэрэгжиж байгаад иргэд дургүйцэж байгаа юм.

Нийслэл Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017 онд  “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг “Сэлбэ гол, Хотын төвийн хэсэгт байгуулна хэмээн зааж тендер зарлан хэрэгжүүлсэн. Таван зуун сая төгрөгийн өртөгтэй энэ тендерт Б.Дэлгэрсайхан захиралтай “ОДНД” компани 428 сая төгрөгийн санал өгч ялсан ч одоогоор дугуйн замыг ашиглалтад хүлээлгэн өгч амжаагүй яваа. Энэ онд Бага тойруу дотор, Нарны замын урд талаар, Аравдугаар хорооллын уулзвараас Баянзүрх дүүргийн Арслантай хөшөө хүртэлх замд дугуйн замын төсөл хэрэгжүүлэхээр болж, зургийн ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хийж байгаа гэнэ.

Олон улсын стандартад дугуйн замыг ногоон байгууламж, орон сууцны хороолол болон зай талбай гайгүй авто замыг дагуулан дугуйн замаа тавьдаг бол Улаанбаатарт төв замын трасс дагуулж бас явган хүний зам дээр, тэдний явах боломжийг хязгаарлан зарим газар нь зүгээр л явган хүний замыг будсан болгоод түүнийгээ “дугуйн зам” гээд нэрлэхэд бэлэн, ийм ажлууд хийгдэж байна.

Нүглийн нүдийг гурилаар хуурч босгож байгаа энэ замыг, дугуйн зам нэртэй тэрхүү төслийг Нийслэлийн засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж байгаа юм байна. Зөвхөн зургийн ажилд 300 сая төгрөг, гүйцэтгэх ажилд 427 сая төгрөг төсөвлүүлж чадсан зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ энэ онд 15 км дугуйн зам барина гэчихсэн гүйж явна. Энэ төслийн зургийн ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хийж байгаа юм байна. Гэвч Ерөнхий төлөвлөгөөний газарт замын зураг гаргах эрх байхгүй.

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан байгаа. Гэвч нийслэлийн иргэдэд хамгийн хэрэгтэй дугуйн замын хөтөлбөрийг зөвлөх нэртэй хүн удирдаад явж болж байна уу?. Мэргэжлийн байгууллагуудын нөмөр нөөлөг, оролцоог энэ зөвлөх яагаад хязгаарлаад байна вэ гэдэг асуулт эндээс гарч ирж байна.

Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын зөвлөхийн албан тушаалыг эрхэлдэг гэдгийг дээр хэлсэн. Гэвч энэ зөвлөхийн ажил зөвлөх гэсэн үгнээс халин нийслэлийн харьяа газар, хэлтсийн дарга нарын ажилд хутгалдан, аль хэдийн шийдвэр гаргах түвшинд оччихсон явна.

Нийслэлийн Засаг дарга аа Та! зөвлөхийнхөө хийж байгаа халтуурны ажлыг өнгийж нэг харна уу. Тэр хүний гараас хийх ёсгүй ажлуудыг салгаж, алдаа оноог нь засч авахгүй юм уу. Эс бол энэ зөвлөх үүрэгтэй хүн таны хийж бүтээсэн бүгдийг хараар будахад ойрхон байна.

 

1 COMMENT

  1. энэ хулгайчийг шоронд хий. мөнгө идэх гэж аргаа барсан царай Дугуйн зам зогсоол гэж элгийн юм тавиад бн лээ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!