П.Баярхүү: Засийн газрын 2016 оны 37, 38 дугаар тогтоолуудын хүрээнд нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлууд зогссон

0
42

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төслийн талаар танилцуулав.

    Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд гишүүнээр элсэж, 2006 оноос зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд манай улс тус банкнаас 1.5 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг авч нийт 96 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа нь өнөөг хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бол  2017 онд баталсан тус банкнаас Монгол Улсад баримтлах стратегийн баримт бичгийн дагуу Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн болохыг танилцуулгад дурдлаа. Ийнхүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам. долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байна. Зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил болохыг С.Чинзориг сайд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар “Энэ зээлийн хүү  хэд вэ. П.Баярхүү дарга байгаа дээр би нэг санал хэлмээр байна. Том хот дотор гүүр барьсан тохиолдол байна уу. Том хөрөнгөөр гүүр барих гээд хашаа, газар чөлөөлж байгаа юм байна. Уг нь хотын захад түгжрэлгүй хэсгээ түгжрэлтэй хэсэгт зөөх хэлбэрээр гүүр барих шаардлагатай” гэсэн юм. Түүний асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа “9.7 сая ам.долларыг лайбер +1 хувийн хүүгээр авч байгаа. Үүн дээр нэмээд 5 сая ам.доллар нь буцалтгүй тусламжаар орж ирж байгаа юм” гэдгийг тайлбарласан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Швейцарийн хатуу хог боловсруулах үйлдвэртэй танилцахад эрчим хүчтэй уялдуулж байгуулдаг юм байна лээ. Энэ тал дээр ямар бодлого барьж байгааг Нийслэлийн орлогчоос тодруулсан юм.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хот бол хогний асуудал дээр хоёр чиглэл барьж байгаа. Нэг нь ахуйн хогийг шатааж эрчим хүч үйлдвэрлэх, нөгөөх нь хатуу хогийг дахин боловсруулж барилгын материал үйлдвэрлэх. Гэхдээ хог дахин боловсруулах үйлдвэр Эрчим хүчний яам дээр нэлээд гацдаг. Яагаад гэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн системд нийлүүлэх хэрэгтэй. Гэхдээ ямар үнээр, хэрхэн яаж борлуулах вэ гэдгийг яам шийддэг” хэмээлээ.

Мөн тэрбээр Засийн газрын 2016 оны 37, 38 дугаар тогтоолуудын хүрээнд нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Иймээс аливаа төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн гэдгийг тайлбарласан. Нийслэлийн хэмжээнд жилд 116-120 мянган тонн барилгын хог хаягдал гардаг бөгөөд сүүлийн жилүүдэд ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг буулгаж, дахин барилгажуулж байгаатай холбоотой. Одоогоор энэ төрлийн хог хаягдлыг Туул голын хөндий, Дунд голын ай саваар зөвшөөрөлгүйгээр хаядаг, түүнийг нь нийслэлийн харъяа байгууллагуудаас зардал гарган цэвэрлээд явж байна. Төсөл хэрэгжиж үйлдвэр баригдсанаар жилд 100 мянган тонн барилгын хог хаягдлыг боловсруулан авто замын асфальтад ордог материалууд, замын хучилтын материалууд, цемент, хавтан, брдюр хийдэг материалуудыг үйлдвэрлэх аж. Эдгээрийг худалдан борлуулснаар зээлийн эргэн төлөлтийг 15 жилийн хугацаанд нөхөн төлөх эдийн засгийн үр ашгийн тооцооллыг хийжээ. Зээлийн нөхцөлийн талаар Сангийн дэд сайд дэлгэрэнгүй тайлбар хийж “Бүхэлд нь тооцож үзвэл зээлийн хөнгөлөлтийн хэмжээ 43.06 хувь байгаа. Өрийн удирдлагын тухай хуульд 35 болон түүнээс дээш хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээлийг нэн хөнгөлөлттэй хэмээн ангилсан байдаг бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас авч буй энэхүү зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй” гэв.


    Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хороо улсын хэмжээнд зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг нэгтгэн сонсох, ахуйн хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн эрчим, хүч дулааны дутагдалтай байгаа хороодод хүргэх чиглэлээр ажиллах, нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн удирдлагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох зэрэг саналыг гишүүд хэлж, зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн ба Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээ болов.

Ажлын хэсгүүд байгууллаа

    Хуралдаанаар үргэлжлүүлэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулан байгуулсан.

Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханаар ахлуулан байгуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан Монголбанкны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!