Д.Гантулгаар тахил өргөж, АТГ-ын даргыг авч үлдэнэ

0
298

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хууль зүйн ойлгомжгүй байдлаас болж гацаанд оров. Хэдийгээр хэргийн эзэн өөрийн хүсэлтээр “өргөдөл”-өө гаргасан ч мөн л үүнийг нь хэрхэн хэлэлцэж, зохицуулах хуулийн заалт байхгүй тул эрх зүйн орчныг тодорхой болгож байж асуудлыг шийдвэрлэх талаар УИХ-ын гишүүд мэдэгдсэн юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бүлэг дээр Д.Гантулга гишүүнийг өмгөөлж, хамгаалах асуудлыг хэлэлцээгүй. Прокурорын саналд УИХ-ын тухай хуулийн 6.9-р заалт үндэслэгдсэн. Энэ заалт цэц дээр унасан тул хуульчдын зүгээс дахин сэргээх нь зүйтэй гэж зөвлөж байгаа. Энэ чиглэлд УИХ ажиллаж, Д.Гантулга гишүүний асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.  Д.Гантулга гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгчихсөн. Гэтэл хуульд гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгөх зохицуулалт алга юм байна. УИХ прокурорын саналыг хэлэлцлээ гэхэд өөрөө хууль зөрчсөн үйлдэл болчих гээд байна” гэсэн юм.

Гэвч энэ бол шалтаг хэмээн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тодотгов. Тэрбээр “Д.Гантулга гишүүний асуудал хуулийн мухардалд орно гэж байхгүй. УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон бол УИХ-аар заавал хэлэлцэх Үндсэн хуулийн заалт бий. Тиймээс гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргасан бол УИХ-аар хэлэлцэх ёстой” гэв. Үүнийг ч МАН-ын зарим гишүүн цухалзуулсан. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн “Хуулийн мухардал гэх тэнэг юм л битгий яриарай” гэх байдлаар тодотгосон. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдсэн нь тогтоогдож, прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж байгаа бол УИХ-аар асуудлыг нь шийдвэрлэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой. Мөн өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр ч түүний бүрэн эрхийг тайлж болохыг намын гишүүд нь хэлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр УИХ-ын дэд дарга байхдаа Д.Гантулгад амаа  чилтэл сахилга батын талаар лекц уншсан хүн нь Ц.Нямдорж. МАН-ын хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Д.Гантулга хилийн дээс алхах нь элбэг төдийгүй хуралдаа цагтаа ирж суудаггүй нэгэн байсан. Ямартаа л Ц.Нямдорж түүнийг зэмлэж “Ажлаа хий, чуулганы хуралдаанд цагтаа ирж сууж бай” гэж мөн ч олон удаа анхааруулсан даа. Харамсалтай нь тэр дэд даргын үгэнд орж байгаагүй юм.

Хачирхалтай нь, энэ бүхнийг мэдсээр байж, эрх зүйн орчныг тодорхой болгох нэрийдлээр хугацаа хожиж Д.Гантулгыг халдашгүй дархан эрхтэй байлгахаар болсон нь анхаарал татна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар У.Хүрэлсүх дүүгээрээ туг тахихаар шийдэж, хэлэлцээрийн ширээний ард суусан аж. Хаврын чуулган эхэлмэгц бүтцийн өөрчлөлт хийж, М.Энхболдтой хийсэн тохироогоо эргэн харахаар хар зургаа гаргаад байсан У.Хүрэлсүх бодлоо өөрчилсөн аж. Тэд дахин тохироо хийж, Ерөнхийлөгчийн эсрэг хүч хавсрахаар шийджээ. Тодруулбал, Төрийн тэргүүн АТГ-ын дарга Х.Энхжаргалын асуудлыг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж, түүний дараагийн хүнийг томилуулах асуудлаа чуулганы нээлтийн үеэр танилцуулсан.

Чуулганы завсарлагааны хугацаанд хуулийн байгууллагын дарга нарыг өөрчлөхөө тойрон хүрээлэгчдээрээ дамжуулж мэдэгдсэн. Хуулийн хугацаа нь дуусгавар болоогүй тул дээрх нэр бүхий дарга нарыг албан тушаал нь ховхлохын тулд муу ажилласан хэмээх дүгнэлтийг нийгэмд түгээж амжсан. Иргэд ядуу амьдарч, уурлаж бухимдаж байгаагийн шалтгаан нь ч хуулийн байгууллагын дарга нартай холбоотой хэмээсэн. Иймээс өдгөө асуудлыг өргөн барьж, АТГ болоод прокурорын дарга нарыг өөрчлөх саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Одоогийн хоёр дарга Ц.Элбэгдорж хийгээд М.Энхболд нарын ойрын хүрээлэл. Тиймээс шударга бусын хонгил бий болж АН-ынхныг хэлмэгдүүлж байна хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг видео хичээл хүртэл заагаад амжсан.

Иймээс хүч хавсарч, хуулийн байгууллагынхныг хэвээр нь үлдээхээр санал нэгдсэн аж. Мэдээж Д.Гантулгыг авч үлдэх нь У.Хүрэлсүхэд ашиггүй. Өөрөөр хэлбэл, Д.Гантулга намдаа ч, ахдаа ч хэрэггүй болсон ч дараагийн сэдвийг сэвэхгүй байх сайхан боломж гэнэ. Өөрөөр хэлбэл, хоол болтол шийр зугаа гэгчээр наадам болтол Д.Гантулгаар зугаа хийх бололтой. Хэрэв Д.Гантулгыг улаан махны хэргээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, асуудлыг түргэвчилж болно. Ингэснээр Хэнтий аймагт нөхөн сонгууль болж, У.Хүрэлсүх парламентын босго алхах боломж ч харагддаг. Гэвч үүнээс илүүтэй дараагийн дуулиан дэгдэнэ. Оюутолгой болоод “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст”-ын хэргийн хажуугаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн улсын нууц задруулсан хэрэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаагийн хуурамч тамганы дуулиан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн бусдыг гүтгэсэн эсэх асуудал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хотгор шанагын лиценз гэхчлэн У.Хүрэлсүх хийгээд МАН-ынхныг муухай харагдуулах сэдэв мундахгүй. Сөрөг хүчин сэдвийг сэвж 32-ын бүлэг дэмжих магадлал өндөр. Сав л хийвэл 32-ын бүлэг хуралдаж, аливаа асуудал дээр байр сууриа нэгтгэх болсон нь нууц биш. Тиймээс дотроо тохиролцож, сөрөг хүчний халдлагаас сэргийлэхээр шийдсэн бололтой юм.

Үргэлжлэл нь:

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!