Мэдрэмжгүй Н.Энхбаяр

0
37

Нэгэн үе Монголын эзэнт хаан мэт өргөмжлөгдөж, төрийн өндөр албан тушаалд тухалж явсан Н.Энхбаяр чухамдаа хэн бэ. Намаа үнэмлэхүй ялалтад хүргэж байсан гавьяа хийгээд улс төрийн тайзыг олон жил эзэгнэж байсан намтар түүнд бий. Магадгүй туулсан зам мөр, бүтээсэн түүхийг нь сөхсөн хэнбугай ч түүнийг шилдэг удирдагч хэмээн цоллох биз.

Төрийн тэргүүнийхээ суудлаас буугаад удалгүй МАХН-ыг төвхнүүлж, багагүй саад бэрхшээлийг туулсан нь ойрын жишээ. Тэжээсэн нөхөд нь өөрийнх нь эсрэг ажиллаж, зүрхэндээ гомдол тээж явсан түүнд МАХН нэрээ МАН болгосон нь ёстой л олз болж, улс төрийн тайзан дээр дахин  таанз эргэх боломж олгосон ч гэж хэлж болох юм. Чимээгүйхэн титэм үг тэрлээд суух боломжоо гээж, хуулийн байгууллагын хаалгыг сахиж, хэцүү нэртийнд хүртэл хоноглож, өлсгөлөн зарлаж, ангаж цангаж үзсэн энэ нөхрийн эцсийн зогсоол хаана бол. Төрийн тэргүүний сонгуулийн үеэр сортолзож босч ирдэгийг нь харвал дахин амсаж үзэх гэсэн албан тушаал нь туйлын хүслэн нь ч байж мэдэх л юм.

Түүнээс биш ганцаардаж, цөхрөн байж МАХН-ыг толгойлох хэрэг юун. Эмгэн тэвштэйгээ гэгчээр Н.Энхбаярт МАХН-аас өөр зүйл алга. Итгэж найдаж ирсэн нөхдөө тэр дэргэдээ үлдээсэнгүй. Эцэст нь оймсонд нь хавчуулагдаж, парламентын босго алхсан О.Баасанхүү хүртэл түүнээс дайжчихлаа. Хийрхэж сагсуурсан нөхдөөр хүрээлүүлээд хол явахгүйг эрх биш энэ олон жил улс төрд байсан тэрбээр мэдэж байгаа биз.

Дэргэд нь үлдсэн хүмүүсийн олонх нь аавын хаалга ч татах боллоо. Г.Шийлэгдэмба авлигын хэргээр аавын хаалга татаж энэ үйлдэлдээ Н.Энхбаярыг буруутгасан. Тэрбээр “Чиний улс төрийн карьеар дууссан. Намын байранд ирэх хэрэггүй” хэмээн хэлсэн талаар тодотгож байсан юм. Эксийг магтан дуулж, түүнээс өөр шударга хүн Монголд үгүй мэтээр олон нийтэд сурталчилж явсан Л.Цог, Г.Уянга нар ч удалгүй зайгаа барьсан. Өдгөө дэргэд нь шадарлаж байгаа З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар ч хуулийн байгууллагын хар дэвтэрт нэрээ мөнхөлчихлөө. Өөрийнх нь төлөө нулимсаа барах болсон нөхрийг О.Баасанхүүгийн эсрэг сул тавьчихлаа. Дэргэд нь С.Ганбаатар л үлдэх шив.

Хачирхалтай юм шүү, Н.Энхбаяр улс төрийн мэдрэмжгүй, маш муу тоглогч гэлтэй. Шулуухан хэлэхэд, тэрбээр олныг биш өөрийгөө бодсон аминчхан улс төрийн тоглолттой нэгэн бололтой. Хувийн тоглолтоо хэчнээн дарсан ч оргилоод болдоггүй тэр их шунал хүсэл нь ганцаараа бууриа сахиж хоцрох шалтгаан болдог байхыг үгүйсгэх аргагүй.

Үргэлжлэл нь:

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!