М.Оюунчимэг: Дахин улиг болсон тайлбар хийвэл ажлаа өгөхөд бэлдээрэй

0
396

Туул голын дагуу замбараагүй газар олгосон албан тушаалтнуудыг АТГ-аар шалгуулж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдэгдлээ. Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар иргэдээс 5846 өргөдөл, гомдол ирүүлжээ. Үүний дагуу газар дээр нь танилцаж, дүгнэлт гарган хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хурлыг гурван удаа, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг хоёр, хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулсаныг хуралдааныг даргалагч М.Оюунчимэг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав. Амь тавих дээрээ тулаад байгаа Туул голыг “аврах”-ын тулд өчигдөр л гэхэд Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Байгаль орчны яам, газрын алба гээд төрийн байгууллага нь авлигад идэгдчихсэн. Бүр авлигын сүлжээ бий болчихсон нь харагдаж байна. Яасан ч ханаж цаддаггүй юм. Иймээс ядаж энэ удаад үр хүүхдээ, сүнсээ бодоод ч болов Туул голоо аварч үлдье” хэмээн холбогдох албан хаагчдад сануулахын зэрэгцээ гуйж байгаагаа ч уламжлав. Мөн тэрбээр өөрийн санаачилгаар 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт олж ирсэнээ онцолж, эл мөнгөөр дугуйн зам болоод хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын газар бий болгохыг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өгсөн мэдээлэлдээ, барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна гээд, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудаас нийтдээ 14 мянга гаруй нэгж талбарын зөвшөөрөл олгосон байдаг аж. Үүнээс онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилгын асуудал байна гэсэн юм.

Энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Өргөдлийн байнын хорооноос удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулсаны үр дүнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэрвэрийг БОАЖЯ гаргажээ.

Гэхдээ төрд дийлддэггүй зарим аж ахуйн нэгж бий гэнэ. Тэдний нэг нь Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хядсан “Зүүнбаян рэйфанери” гэх компани. Тус компани тухайн үеийн Байгаль орчны сайдын 2008 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх авч, газар ашиглах гурвалсан гэрээг мөн сарын 25-ны өдөр байгуулсан аж. Улмаар эрх авч, гэрээ байгуулсны дараа зөөврийн сууц байрлуулан, хамгаалалтын хашаа барьжээ. Мөн тухайн үеийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг 2014 онд тус компанийн ашиглалтын талбайг голын хамгаалалтын бүсээс гаргах нэрээр талбайн солбицлын анхны байсан 7 цэгийг холбогдох тушаалгүйгээр 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд 17 болгон өөрчилсөн гэнэ. Өөрчлөгдсөн солбицол бүхий газар ашиглах гэрчилгээ, гурвалсан гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд ирүүлээгүйгээс мэдээллийн зөрүүтэй байдал бий болсоор иржээ. Үүнтэй холбогдуулан анх 2014 оны тав дугаар сарын 29-ний өдөр Хамгаалалтын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт шалгалт хийж бургас мод сүйтгэсэн зөрчил илэрч 6.560.940 төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг ногдуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 900013003 тоот дансанд төлүүлжээ.

Түүний дараа 2016 оны есдүгээр сарын 19-ний өдөр мөн тухайн компанийн ашиглаж байгаа талбайд дахин хяналт шалгалт хийхэд бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас мод ихээр сүйтгэсэн зөрчлүүд дахин илэрсэн бөгөөд бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч тус компанийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэсэн утгатай хариуг тухайн үед өгсөн гэнэ. Иймээс байгальд их хэмжээний хохирол учруулсныг удаа дараагийн шалгалтаар тогтоож, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган тус компанийн лицензийг цуцлах шийдвэр гаргажээ. Гэвч өдгөө тус компани үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй байгаль орчны байцаагчийг дотогш нэвтрүүлдэггүй гэнэ. Цагдаад мэдэгдэхээр “Нийгмийн хэв журмын асуудал биш. Газрын асуудал учраас өөрсдөө учраа ол” гэсэн тайлбарыг өгдөг аж. Өөрөөр хэлбэл, эл компанийн өмнө төр хүчгүйдэж байгааг учирласан юм. Хэдийгээр сайтын тушаал бий ч шууд халдах боломж байдаггүйг хэлж байлаа.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат “Л.Гүндалай гишүүн бараг тууз хайчлах гэж байна. Ажлаа хийсэн шиг хий” гэдгийг анхааруулсан.

Гэхдээ төрийн төмөр нүүрийг хэрэгтэй газар нь, оновчтой үед нь хэрэглэж байх учиртайг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн. Өөрөөр хэлбэл, тайлбар тавьж, шалтаг тоочихын оронд холбогдох арга хэмжээг нь авч, үйл ажиллагааг нь зогсоох учиртайг сануулсан юм.

Мөн туул голын дагуух замбараагүй газар олголт, барилга байгууламжийг цэгцлэх асуудал хөндөгдөх болсоор 11 жил өнгөрч байгааг М.Оюунчимэг ч хатуухан сануулсан. Албаныхантай нүүр тулахаар “Удахгүй нураана. Маргаашнаас ажил эхэлнэ” гэх байдлаар аргацааж, асуудлыг үргэлж хойш тавьж ирсэнд нь албаныхныг зэмлэв. Иймээс хандлагаа өөрчилж, тусгай зөвшөөрлийг төрийн нэрийн өмнөөс олгосон этгээдүүдэд, тухайн үед хяналтаа тавьж ажиллаагүй хууль хяналтын байгууллагуудад хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай онцлов.

Түүнчлэн хэлэлцүүлэг хийгээд өнгөрөх биш хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь шалгаж, үр дүнгүй байвал хариуцлага тооцож, хар толгойтой нь ярихыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр санал болгосон. Энэ дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голын асуудлаарх ээлжит хэлэлцүүлгийг зургадугаар сарын эхний долоо хоногт хийхээр товлов. Баянзүрхийн гүүрээс Яармагийн гүүр хүртэлх газрыг чөлөөлж, иргэдийн амарч, зугаалах аятай таатай орчин болгох зорилтын хүрээнд ажил хариуцсан байгууллага бүр хийсэн ажлын үр дүнтэй, хийх ажлын тодорхой төсөв, төлөвлөгөөтэй орж ирэхийг санууллаа. Тухайлбал, Туул голыг тусгай хамгаалалтад авах асуудлыг түргэвчлэх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тавдугаар сард багтаан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс оруулж ирэх, 60 гаруй аж ахуйн нэгжийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах, тэдний зарим барилга байгууламжийг нураах ажлыг холбогдох байгууллагууд хуулийн дагуу зохион байгуулахыг даалгав. Эдгээр асуудлыг шат дараатай шийдвэрлэж чадахгүй бол ажлаа хүлээлгэн өгөх бэлтгэлтэй ирэхийг ч хатуухан анхааруулсан.

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!