Ядуу хоосон ард олноо ажилтай болгох санаа алга уу, эрх баригчид аа

0
46

Цагдаагийн ерөнхий газраас иргэддээ зориулсан ээлжит сэрэмжүүлэг гаргажээ. Ерөнхий утга нь “понзи” нэртэй луйврын систем Монголд нэвтэрч олон хүн хохирогч нь болсон тухай мэдээлээд ийм луйврын сүлжээнд итгэж мөнгөө алдахгүй байхыг нийтэд сэрэмжлүүлсэн байна.

Понзи: Энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлжээ. Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад энэ компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байна. Тэд иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 5 хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22 хувь буюу жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэж тайлбарлаж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Ердөө ганц удаа хөрөнгө оруулалт хийгээд өөр юу ч төлөлгүй, ямар ч зарлага гаргахгүйгээр энэ хэмжээний ашиг олно гэдэг нь хэтэрхий бодит бус нөхцөл юм.

Понзи залилан гэдэг нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзингийн гаргаж ирсэн “хөрөнгө оруулалтын” луйврын систем. Энэхүү схемийн бүтэц нь заавал пирамид байх шаардлагагүй бөгөөд Понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй аж. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагдана гэсэн үг гэдгийг энэ төрлийн хууль бус ажиллагааг судлаач, мэргэжилтэн хэлж байна.

Одоогоор энэ залилангийн сүлжээ хөдөө орон нутаг болон настнуудын дунд их тархаад байгаа бөгөөд мөнгөө луйвардуулсан хүмүүс эхнээсээ цагдаад өргөдлөө өгч байгаа аж.

Ийм сэрэмжүүлгийг жил хичнээн ч удаа гаргадаг юм, бүү мэд. Харин үүнийг үл тоон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс хэтэрхий олон юм уу гэж дүгнэхэд хүрч байна. “Энэ чинь луйвар шүү. Та нар мөнгөө битгий өгөөрэй” гэж цагдаагийн газар нь сэрэмжлүүлж захьсаар байтал хамаг мөнгөө тавьж бусдад залилуулчихаад,”бидний мөнгийг олж өг” гэж хэдэн зуугаараа өргөдөл бичээд сууж байна.

Тун ойрхны жишээ бол “Жи тайм” сүлжээ. “Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевын ивээл дор байдаг” гэсэн уран үгэнд нь итгэсэн хүмүүс хурааж хуримтуулсан хэдэн төгрөгөө дор нь боож аваад тийшээ гүйлдсэн. Мөнгөө өгөөд, өсгөж өгөхийг нь хүлээгээд л байсан, хүлээгээд л байсан. Гэтэл өнөө Марат гэгч хасаг эр хамаг мөнгийг нь хуу хамж аваад, хил даван зугатах гэж байсныг манайхан арай гэж барьж авсан билээ. Бүр болоогүй, монголчуудаас хулхидаж авсан мөнгөнийхөө дийлэнх хувийг гадагшаа дансаар шилжүүлсэн гэж байгаа. “Жи тайм” сүлжээнд нийт 12 мянган гаруй хүн 22 тэрбум төгрөгөө луйвардуулсан байна гэдэг. Өдгөө ч энэ асуудал шийдэгдээгүй бөгөөд хариуцагч Марат нь оргон зайлсан хэмээн эрэн сурвалжлагдаж байна.

Машины пирамид: 1,5 сая төгрөг төлөөд он залуу, шинэхэн мэт машинтай болох зарлалд их олон хүн хууртсан.  Сүлжээнд нэгдэхийн тулд эхлээд 650 мянган төгрөг тушааж, зайлшгүй машин авах хэрэгтэй байгаа хоёр хүн олох ёстой. Нөгөө хоёр хүн бас хоёр хүн олох гэхмэтчилэнгээр явсаар 12 хүн болсны дараа эхний нөхөр 850 мянган төгрөг дахин тушаагаад машинаа авна. “Тоёота приус”,”Ниссан марч” гэх мэтчилэнгийн япон автомашиныг сүлжээгээр авах саналыг тус компанийн менежер тавьдаг байсан бөгөөд долоо хоногт 14 хүн машинтай болсон хэмээн рекламдаж байсан билээ.  Мөн “жипний сүлжээ” гэсэн ангилал бас дотор нь байсан. Жип авах хүмүүс эхлээд нэг сая 300 мянган төгрөг тушааж, доороо мөн л хоёр хүн олох ёстой. Тус компанийн сүлжээгээр санал болгож буй машин хэрвээ өөрт чинь таалагдахгүй бол таван сая 700 мянган төгрөг бэлнээр тушаагаад өөрийн сонирхсон машинаа худалдаж авах боломжтой гэсэн сурталчилгааны дагуу 2500 хүн 2,8 сая төгрөгөөр хохирсон. Хохирогчид нь мөн л шүүх, цагдаадаа тулаад явж байгаа.

Энэ мэтчилэн сүлжээний луйварт мөнгөө алдсан маш олон хүн бий. Үүний хамгийн том жишээ бол Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид. “Өндөр хүү төлнө” гэж хэрэглэгчдээ даллан дуудаж, цэцэглэж байсан Хадгаламж зээлийн хоршоо нэг удаагийн савалтаар, үйл ажиллагаа нь доголдож, олон мянган хүний мөнгийг төлж чадахгүйд хүрч, дампуурлаа зарласан билээ. 20 гаруй Хадгаламж зээлийн хоршоо дампуурч 8300 иргэн хохирч,  72 тэрбум төгрөгний хохирол учруулсан бөгөөд арваад жилийн өмнөх хохирсон хүмүүс одоо ч хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй явна.

Монгол Улсад сүлжээний бизнес 1997 оноос эхлэлтэй. Эдгээрийн 90 орчим хувь нь ОХУ-аас орж ирсэн гэдэг. Энэ хугацаанд нийт 20 гаруй сүлжээний бизнес иргэдийг хохироосон ч хуулийн байгууллагаар шалгагдаж, хэрэг нь шийдэгдсэн тун цөөхөн. Ингэхдээ хэн нэгэн иргэний хохирлыг барагдуулах бус луйвар хийсэн этгээд ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээгээд намждаг. Хэсэг бүлэг хүмүүс нэг сүлжээ байгуулаад сүлжээнд нь олон хүн элсээд эхэлбэл, эхний сүлжээгээ үгүйсгэж, луйвар байсан гэх мэдээллийг олон нийтэд өгч, дахин шинэ сүлжээний бизнес эхлүүлдэг гэнэ. Тэд нэгээс нөгөө сүлжээг үүсгэж, иргэдийг хохироодог юм байна. Сүлжээний бизнест элссэн хүмүүсийн 87-88 хувь нь хохирогч болдог учраас хууль эрх зүйн орчин бүрдээгүй манай улсад энэ бизнес өргөжих, иргэдийг хохироож, гадаад зах зээл рүү мөнгө гаргах боломж бүрдүүлдэг ажээ.

“Шуналтайдаа сүлжээнд орсон хүмүүсийг хохь чинь” гэж хэлэх хүмүүс бий. Мэдээж, мөнгөө алдсан тэдний буруу. Гэхдээ Монголдоо бүү хэл, гадаадад үнэтэй хаус, эдлэн газар худалдан авч, хувийн аралтай болтлоо баяжсан манай эрх баригчдын буруу бас бий. Ард түмэн ажилтай орлоготой бол ийм зүйлд хулхидуулаад байхгүй амьдраад явчих боломжтой шүү дээ. Арай гэж олсон хэдэн халтар төгрөгөө яаж өсгөх, хүүхдүүдээ хоосон нойтон явуулахгүй юмсан гэсэн чин хүсэл л тэднийг сүлжээний бизнес рүү хөтөлдөг гэдэгтэй маргах хүн гарахгүй.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!