КООСЭН БОЛОН БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0
140

Монгол-Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл 2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд МУИС, ШУТИС-ийн багш, судлаач оюутан гээд нийт 1000 гаруй хүнийг Японы их дээд сургууль болон Коосэн сургуульд суралцуулах юм. Хөтөлбөр гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, Коосэн буюу Үндэсний технологийн коллежид 200 оюутан элсүүлэх, хоёрдугаарт, хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр буюу Япон улсын төрийн 10 их, дээд сургуульд бакалаврын оюутнуудыг шилжин суралцуулна. Гуравдугаарт,  багшлах хүний нөөцийг бэлтгэх, сургалт, судалгааны ажлын агуулгыг сайжруулах хамтарсан судалгааны хөтөлбөр багтсан. 2018-2019 оны Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрт оюутан элсүүлэх  бүртгэл Улаанбаатар хотод 2018 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл хугацаанд www.mjeed.edu.mn сайтаар бүртгэж байна. Мөн урьдчилсан сорилыг дөрөвдүгээр сарын 21-ний 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулна. Орон нутагт тухайн аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл бүртгэж, нэгтгэсэн мэдээллийг төсөл хэрэгжүүлэх нэгжид файлаар хүргүүлнэ. Урьдчилсан сорилыг дөрөвдүгээр сарын 28-нд 10.00 цагт бүх аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулна. Ирээдүйд инженер болох сонирхолтой төгсөх ангийн сурагчид оролцох боломжтой учраас “1000 инженер” төслийн албан ёсны сайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч, урьдчилсан сорилд оролцох боломжтой. Төслийн сорил, шалгуурт тэнцсэн тохиолдолд ШУТИС-д бэлтгэл сургалт явагдах бөгөөд энд коллежийн оюутан 1.5 жилийн хугацаатай вакамжуулсан сургалтад, бакалаврын оюутан 2.5 жилийн хугацаатай Япон багштай Япон хэлний вакуумжуулсан сургалтад хамрагдах юм. Дараа нь, Японы их, дээд сургуульд элсэн суралцах шалгалт өгөх бол бакалаврын оюутан шилжин суралцах шалгалт өгнө. Уг шалгалтдаа тэнцсэн оюутнууд Японд очиж суралцах боломж нээгдэнэ. Япон улсад элсэн суралцах оюутны амьжиргааны зардал, сургалтын төлбөр, нэг удаагийн ирэх, очих онгоцны тийзийн зардал зэргийг Боловсролын зээлийн сангаас гаргана. Тухайн оюутан Японд сургуулиа амжилттай төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ хувийн болон улсын байгууллагад амжилттай ажилласан тохиолдолд тухайн зээл нь тэтгэлэг болно. Коосэн оюутан Японы үндэсний 51 Коосэнд элсэн 3 жил суралцаж бакалаврын өмнөх мэргэжлийн дипломтой болж нарийн мэргэжлээр ажиллах юм. Харин бакалаврын хөтөлбөрт элсэн суралцсан оюутан ШУТИС-ийн гуравдугаар курсээс Японы 10 их, дээд сургуулиас сонгон суралцаж хос дипломтой төгсөнө.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!