ХЭРГИЙН ГАЗРЫН ОЙРОЛЦОО БУУГАА БАРИАД ЯВЖ БАЙЖЭЭ

0
221

Манай улсын иргэд гадны улс орнуудад гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарах болжээ. Ялангуяа БНСУ-д хулгайн хэрэгт нилээдгүй холбогдох болсон билээ. Гэтэл сүүлийн хэдэн өдөр Монгол залуус АНУ-ын Калифорни мужид зэвсэгт дээрэм хийсэн тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаад байна. Хэргийг тодруулбал, Энэ сарын 3-нд АНУ-ын Калифорни мужид зэвсэгтэй этгээдэд дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаа нар дээрэмчдийг хохирогчдын мэдүүлсэн ам зургийн дагуу хэргийн газрын ойролцоогоос барьсан ба тэднээс хохирогчдын эд зүйл болон гар буу олджээ. Уг хэрэгт Монгол Улсын иргэн 20 настай Э.Тэнгис, 21 настай П.Мөнхтөр, 21 настай П.Нармандах нар сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагаас тэднийг өөр дээрмийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Хачирхалтай нь тэдэнд дээрэмдүүлсэн гэх дуудлага өгсөн хүмүүс нь оюутнууд байсан бөгөөд энэ хэрэг өдрийн 12 цагийн орчимд гарсан байна. Галт зэвсэг агссан залуус ямар учраас гэгээн цагаан өдөр оюутны үүргэвч дээрэмдэх болсон нь анхаарал татмаар. Уг нь буу барьсан дээрэмчид чинь аль өнгөтэй өөдтэйг нь онцлон дээрэмдчихээд хэргийн газраас холддог байлтай. Гэтэл тэд өдрийн цагаар үүргэвч үүрсэн хоёр оюутныг буу тулган дээрэмдчихээд хэргийн газрын ойролцоо буугаа бариад явж байсан гэхээр санаанд буухгүй юм. Аль эсвэл энэ хэрэгт ямар нэг өөр зүйл нөлөөлөөд байна уу мэдэхгүй юм. Ямартай ч энэ хэргийн талаар манай улсын Гадаад Харилцааны Яам мэдээлэл гаргаагүй байгаа. Удахгүй энэ хэргийн тухай үнэн бодитой мэдээлэл гаргана хэмээн найдаж байна.  

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!