МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫГ СИНГАПУРЫН СУРАГЧДАД ТАНИЛЦУУЛАВ

0
70

Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам Сингапурын хүүхэд, залуучуудад Монгол Улсын түүх, соёл уламжлалыг сурталчлах зорилгоор тус улсын Танжонг Катонгийн дунд сургуулиас зохион байгуулсан Олон улсын нөхөрлөлийн өдөрлөгт энэ сарын 6-нд оролцов.
Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсаас гадна Франц, Энэтхэг, Египет, Солонгос, Австри зэрэг улсын танилцуулгыг хийсэн юм.
Танжонг Катонг нь Сингапур Улсын томоохон сургуулийн нэг бөгөөд нийт 48 ангитай 1375 сурагчтайн зэрэгцээ гадаад улсын сурагчдийн тоогоороо улсдаа тэргүүлдэг сургууль юм. Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын түүх, соёлыг илэрхийлсэн монгол гэр, монголын үндэсний хувцас, монголын уламжлалт тоглоом, наадгайг танилцуулахын зэрэгцээ уйгаржин монгол бичгийн гайхамшгийг хүүхэд, залуучуудад танилцуулав. Хүүхдүүдийн хувьд оюун ухааны хөгжлийг тэтгэж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг монголын үндэсний оньсон тоглоомуудыг ихээхэн сонирхож, тоглож үзсэн юм.
Монгол-Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоогоод 50 гаруй жил өнгөрсөн бөгөөд улс төр, эдийн засгийн уламжлалт, найрсаг харилцаа амжилттай хөгжсөөр ирсэн хэдий ч иргэд хоорондын шууд харилцаа, соёл, хүмүүнлэгийн харилцаа харьцангуй багатй. Тусгаар улсын 50 гаруй жилийн түүхтэй харьцангуй “залуу” улсын иргэдийн хувьд Сингапурчууд Монгол Улсын түүх соёл, уламжлал, зан заншлыг ихээхэн сонирхдог. Монгол Улсын 2000 гаруй жилийн арвин түүх соёл, нүүдэлчин ардын аж ахуйг сурталчилах, танин мэдүүлэх, цаашид хоёр улсын соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх нь Элчин сайдын яамны гол зорилгын нэг бөгөөд хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудад ийнхүү танилцуулга, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулах нь ихээхэн үр дүнтэй юм. Хүүхэд, залуучуудаар дамжуулан тэдгээрийн эцэг, эх, найз нөхөд ч мэдээлэл хүрдэг бөгөөд хүүхдүүдэд уйгаржин монгол бичгээр нэрийг нь бичиж дурсгал болгон өгсөнийг хүүхдүүд баяртайгаар хүлээн авч байсан юм. Өдөрлөгийн хүрээнд танилцуулгын самбар байршуулахаас гадна анги тухайн бүрт танилцуулга бүхий богино хэмжээний хичээл орж, Монголын түүх, соёл, уламжлал, үндэсний онцлогийн талаар танилцуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!