ЛЯ КӨЦЯН: ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ШИНЭ ЭХЛЭЛ АВЧИРНА

0
110

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ля Көцян албан ёсоор угтан авлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг угтан авах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд болж, хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлсэн юм. Ёслолд хоёр орны парламент, Засгийн газрын гишүүд, Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцлоо.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ля Көцян нар Ардын их хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийж байна. Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ля Көцян урилгыг нь хүлээн авч албан ёсны айлчлал хийж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд, энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ эхлэл авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн “Хятад, Монгол Улс маш чухал хөрш. Бидний хооронд улс төрийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд төдийгүй бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай” гэдгийг тэмдэглэв.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэлээ. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв. “Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал амжилттай болж улс орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлага, Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалтын шинэ эринд дэвшин орсноо дэлхийн тавцанд зарлаж, ард түмний ажил амьдрал, сайн сайхны төлөө дунд, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсонд талархаж байна” гэв.

Хэлэлцээний үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар хэлэлцэн, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож байна. Үүний дараа яамд, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшуд бараалхана.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!