А.Сүхбат: Сумынх таван сая, аймгийн наадам 50 сая, улсын начин цол авахад 500 сая…

0
65

Хаврын чуулганы сүүлийн хуралдаан МАН, АН-ын өмнөх болоод өнөөдрийн түүхийн давхцалаар эхлэв. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгож, Эрдэнэтийн 49 хувийг иргэн бүрт эзэмшүүлэх нь сөрөг хүчнийхний ундуйцлыг хүргэв. Хариуд нь эрх баригчдын үг ч бэлэн, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх АН-ынхны үйлдлийг нэг бүрчлэн сануулах нь тэр. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “АН Засаглаж байхад төсвийн алдагдал нэг их наядаас давсан, эдийн засгийн өсөлт нэг хувь хүрэхгүй ийм цаг үед “Сайн хувьцаа”, “Сайн хашаа”, “Сайн оюутан” хөтөлбөр гаргаж, яг сонгуулийн үеэр 600 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Өнөөдөр нөхцөл байдал өөр байна. Оны эхний таван сарын байдлаар эдийн засгийн өсөлт 4.7 хувьтай, төсвийн орлого 500 гаруй тэрбумаар давсан үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн нөхцөл байдал сэргэсэн учраас Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт нь олгох Засгийн газрын шийдвэр гарсан юм. АН-ын дарга С.Эрдэнэ өмнө парламентад салбар хариуцсан сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн мөнгийг танах асуудлыг оруулж ирж байсан. Тухайн үед сөрөг хүчин байсан МАН хүчтэй эсэргүүцэж, хүүхэд бүрт олгох шийдлийг хэвээр нь үлдээж байсныг санаж байгаа байх” хэмээв.

УИХ-ын дарга М.Энхболд ч дээрх хоёр асуудлыг Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг тодотгоод “Ц.Элбэгдоржийн Засгийн газар хүүхдийн мөнгийг 60х40 харьцаагаар олгож байсныг миний бие хүүхэд бүрт олгох шийдлийг гаргаж байлаа. Өнөөдөр мөн ийм шийдвэрийн гэрч болж байна. Цаашдаа хүүхдийн мөнгөний харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчны босгыг өндөрсгөх хэрэгтэй. Хэн нэгэн Ерөнхий сайд, аль нэг Засгийн газар гарч ирээд өөрчилж хөдөлгөөд байдаггүй. Жишээ нь, өрийн таазын босгыг 3.2 байсныг Р.Гончигдорж гишүүн Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаад 50+1 байхаар шийдэж байсан шүү дээ. Үүнтэй адил хүүхдийн мөнгөний харилцааг зохицуулж байгаа эрх зүйн босгыг ч мөн өндөрсгөх хэрэгтэй” гэсэн юм.

Эцэстээ энэ асуудал М.Энхболдыг тухайн өдрийн чуулганы хуралдааныг удирдахаас “түдгэлзүүлсэн”-ээр өндөрлөв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы хуралдааныг удирдахгүй байхыг хүсч энэ нь сонгуулийн сурталчилгаа болж байгааг сануулав. Спикер ч сөрөг хүчний зүгээс тавьсан саналыг хүлээн авч, “Би УИХ-ын дарга болсноосоо хойш цөөнхийнхөө үг, саналыг байнга сонсож, хааж байсан тохиолдол байхгүй. Харин ч цөөнхийн үг, байр суурийг сонсож байх ёстойг олонхидоо хандаж удаа дараа сануулж, ирсэн. Санал хураалгах шаардлагагүй, дэд дарга Ц.Нямдорж ажилтай тул Я.Санжмятав дэд даргаар чуулганыг удирдуулъя” гээд суудлаасаа буув. Улмаар тэрбээр энэ өдрийн чуулганы хуралдааныг өрөөнөөс харж суухаар болсон. Гэхдээ чуулган завсарлуулах үгээ өөрөө хэлэхийг хүсэв.

Ийнхүү чуулганы хуралдаан цааш үргэлжилж, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж батлав. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Б.Жавхлан гишүүн “Энэ хуультай холбоотой Аж ахуйн нэгжийн Орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Хуульд тамирчдад хөнгөлөлт үзүүлэхдээ спортын төрлүүддээ ганцаарчилсан болон багийн гэж ялгалгүйгээр 10 сая төгрөгийн босго тавихаар тусгасан байна. Ингэж болохгүй. Ялангуяа багийн спортод. 10 сая төгрөг багийн спортод юу ч болохгүй. Мөн багийн спортыг дотор нь хоёр хуваах хэрэгтэй. Иймээс спортын тамирчдад олгох шагнал урамшууллыг ангилах шаардлагатай” гэдгийг онцлов.

УИХ-ын гишүүн А.Сүхбат үндэсний спортоо хамгаалах, дэлгэрүүлэх асуудлыг хөндсөн. Тэрбээр “Дэлхийн бусад оронд үндэснийхээ спортыг хуульчилж, тэр дотроо авлига, хээл хахуулийн асуудлыг тодорхой тусгасан байдаг. Монголчууд эрийн гурван наадам, үндэснийхээ спортод хайртай, элэгтэй. Харамсалтай нь, үндэсний бөхийн спорт сүүлийн үед их гажуудсан. Намайг залуу бөх болж гарч ирэхэд л тийм байсан. Настай бөхчүүдээс асуухаар урд нь тийм байгаагүй. Нутгийнхаа залуу бөхийг амлаж авч даваа өгдөг ганц, хоёр жишээ байснаас биш өнөөдрийнх шиг хавтгайрсан зүйл байгаагүй гэдэг. Өдгөө сумын наадам таван сая, аймгийн наадам 50 сая, улсын начин цол авахад 500 сая гэсэн ханшийг иргэд ил тод ярьдаг болж. Монгол хээл хахуул авсан, даваа наймаалцсан бөхөд нэг ч удаа арга хэмжээ авч байгаагүй. Энэ бол бөхчүүдийн ёс зүйгүй байдал, шударга бус өрсөлдөөнийг дэмжиж байгаа явдал. Иймээс энэ хуулиар үндэсний спорттой холбоотой асуудлуудыг хэрхэн зохицуулсан бэ. Авлига хээл хахуул, даваа наймаалцсан асуудлыг хэрхэн хуульд тусгасан бэ” гэдгийг тодруулбав.

Түүний асуултад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр “Хуульд энэ тухай заалт орсон. Гэхдээ авлига гэдэг үгээр ороогүй. Учир нь авлигын эсрэг хуульд зааснаар авлига гэдэг үг төрийн албан хаагч, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага гэх мэтийн тодорхой албан тушаалтанд хамаарагддаг болохоос тамирчин хоорондын харилцаанд хамаардаггүй. Тиймээс хуульд шударга өрсөлдөх, үүрэгтэй гэдгийг тамирчны эрх үүрэг дээр зааж өгсөн. Улмаар тухайн спортны үр дүнд нөлөөлөхүйц хэмжээнд хийсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдолд тус спортын хороо тамирчныг тэмцээнд оруулахгүй хасахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, даваа наймаалцсан тохиолдолд Үндэсний бөхийн холбоо тухайн тамирчныг дахин наадамд оролцох эрхийг нь хасах бололцоотой болгож өгсөн” гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хуулийг сайжруулж гаргах нь зүйтэй. Гэхдээ санал нийлэхгүй зүйл байна. Хууль батлаад л 300, 400 хүний орон тоо нэмээд байх уу. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдалтайгаа хэр нийцэж байгаа юм. Төсөвтэйгээ уялдсан уу, ОУВС-тай хийсэн тохироотой зөрчилдөхгүй юу. Хуулиар орон тоо нэмж байдаг хандлагаа хэвээр нь хадгалж явах юм уу” гэдгийг тодотгож энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ажиллахыг хүссэн. Эл саналыг Д.Сарангэрэл гишүүн ч мөн дэмжив. Тэрбээр “300-400 хүний орон тоо нэмэх асуудлыг анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагч 180 мянга байгаа. 30 мянга шахам хүн нэмэгдсэн. Гэтэл дахин орон тоо нэмэхийг эргэж харах нь зүйтэй. А.Сүхбат гишүүний хэлсэнчлэн сум, аймаг, улсын наадмаар даваа наймаалдаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Үндэсний бөхийн гал тогоонд дархан аварга болтлоо байсан энэ хүн мэдэж байгаа учраас хэлж байна. Үндэсний спортын авлигын асуудлыг шийдвэрлэх ёстой” гэдгийг тодотгосон.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Үндэсний бөхийн авлига хэрээс хэтэрснийг сануулсан бол Б.Пүрэвдорж сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгах тал дээр анхаарах, мөн 7000 багш тэтгэмжээсээ харагдах болсон шалтгааныг лавласан.

Мөн энэ үеэр М.Оюунчимэг гишүүн эмч, багш нарыг улстөржүүлэхгүй, харлуулах ажиллагаандаа хутгалдуулахгүй байхыг улс төрийн намуудаас хүсэв. Тэрбээр “Төрийн албан хаагчид, багш, эмч нар дээр улстөржих шаардлага байхгүй. Багш, эмч нарын цалин 2012-2016 онд нэмэгдээгүй. Тийм учраас нийгмийн асуудлыг анхаарахгүй бол болохгүй гэдэг асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулахаар оруулж ирсэн. Багш нарын зардал болох боловсролын сургалтын зардалд дөрвөн тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан. Түүнээс зардал нь санхүүжигдээд явж байгаа. Тийм учраас багш нарын зардлыг энэ хуульд давхар оруулах шаардлагагүй. УИХ-ын гишүүд хуулиа маш сайн унших хэрэгтэй. Хуулийн төслийг боловсруулахын өмнө бид 11 мянган багш нартай хэд, хэдэн удаагийн уулзалт хийж, саналыг нь сонссон. Багш нар маань хууль батлагдахыг хүлээж байна. Ипотекийн зээлд агаарын бохирдлоор хамгийн өндөр байгаа бүсийн иргэдийг хамруулахаар нийслэл бүртгэж эхэлсэн. Тэрхүү бүсэд нь амьдардаг багш, эмч нарыг эхний ээлжид хамруулах асуудлыг шийдээд явбал нийгмийн асуудлыг нь шийдээд явах бололцоо бий. Нийгмийн тусламж шаардлагатай байгаа бүлэг рүү хандах ёстой. Багш нарын мэргэжил дээшлүүлэх зардал нь Боловсролын тухай хуулиар хэрэгжээд явж байна. Цаашдаа багш нарын цалинг 20-30 хувиар нэмэгдүүлэх шаардлага байгаа” гэлээ. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, олонхийн саналаар батлав.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!