Туркийн зургаан иргэнийг барьж өгснөөрөө Косово олон улсын өмнө эвгүй байдалд оров              

0
349

-Ерөнхий сайд нь юу ч мэдээгүй байснаа мэдэгдэж, Дотоод хэргийн сайд, ТЕГ-ын даргаа огцруулжээ-    

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 оны хоёрдугаар сард дэлхийн отгон улс болон тусгаар тогтнолоо зарлаж байсан Косово Европын Холбоонд элсэх өдрөө догдлон хүлээж байгаа билээ. Европын холбооны бүрэн эрхт бүрэлдэхүүн болохоор хүсэлтээ гаргасан ч тусгаарлан гарсан Серби өдийг болтол зөвшөөрөөгүй, нийтдээ Европын холбооны 28 улсын тав нь тусгаар улс гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гэхдээ НҮБ-аас дэмжлэг ихтэй Косовог удахгүй энэ холбооны гишүүн болно гэсэн хүлээлт арван жилийн ойн дээр нь улам батжаад байсан билээ. Далайд гарцгүй, байгалийн нөөц багатай Косовогийн хувьд Европын холбоонд элсэх нь амин шаардлагатай асуудал нь болоод байсан юм. Харин энэ торгон үед Косово Европын холбоо, олон улсын өмнө  ихээхэн эвгүй байдалд ороод байна. Өнгөрсөн пүрэв гаригт Косовогийн тал Туркийн Засгийн газрын хүсэлтээр зургаан турк иргэнийг баривчлан хүлээлгэн өгсөн нь ийм асуудал тарихад хүрчээ. 2016 онд гарсан төрийн эргэлтийг санхүүжүүлсэн хэрэгт буруутгагддаг Гюллентэй холбоотой гэж турк багш нарыг буруутгасан учраас баривчлуулан өөрийн талдаа өгөх хүсэлтийг гаргасан байжээ. Гэхдээ эл хэрэг явдлыг Косовогийн Ерөнхий сайд Рамуш Харадинаж огт мэдээгүй байсан гэдгээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдэж, Дотоод хэргийн сайд болон энэ хэргийг гардан хийсэн Тагнуулын төв газрын даргаа огцруулсан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр Ерөнхий сайд Харадинаж “Оршин суух зөвшөөрлийг нь цуцалж, тэднийг саатуулж Косовогийн нутаг дэвсгэрээс гаргаж Туркийн талд шилжүүлсэн энэ явдлыг бүхэлдээ би мэдээгүй” гэж байгаа ч олон нийт болж өнгөрсөн явдалд ихээхэн эгдүүцэж байгаа ажээ. Косовогийн хэвлэлүүдэд огцруулсан хоёр албан тушаалтнаар асуудал зогсохгүй, төрийн дээд албан тушаалтнууд ч энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжилж байгаа аж. Косово дахь турк сургуулийн оюутнууд ч гэм буруугүй багш нарыг нь баривчлуулж хүчээр Турк руу явуулсныг буруушаан эсэргүүцлийн цуглаан хийжээ. Үнэндээ ч энэ хэрэг явдал Косовог олон улсын өмнө ихээхэн эвгүй байдалд оруулж, Европын холбоонд нэгдэж чадах эсэх гээд цаашдын хувь заяанд ч сөргөөр нөлөөлөх асуудлыг босгоод байна. Угаасаа Туркт болж байгаа үйл явдлыг олон улсын хэмжээнд шүүмжилж, НҮБ-аас хүний эрхийг зөрчин, олон мянган хүнийг хилсдүүлэн баривчилж, эрүүдэн шүүж байгаа явдлаа зогсоохыг анхааруулаад байгаа билээ. Гюллены хөдөлгөөн нэрийн дор олон мянган хүн ажилгүй болж, байгууллагууд үүд хаалгаа барьж, хэдэн мянгаараа шоронд орж, дэлхийн улс орнуудад байгаа турк сургуулиудад нөлөөлөх гэсэн оролдлого хэм хэмжээнээс хэтрээд байгааг дэлхий даяараа анзаарсаар байгаа. Туркийн тал хоёр улсын Тагнуулын байгуулагуудын хамтын ажиллагааны хүрээнд зургаан нөхрийг эргүүлэн авчирсан талаар мэдэгдэж байгаа бол нөгөө талд Косовогийн удирдлагууд энэ хэрэгтээ буруугаа хүлээн мэдэгдэл хийсээр байна. Косовогийн парламентын дарга энэ талаар “Энэ бол алдаа байсан. Косовод амьдарч байгаа гадаадын хүмүүст батлан хэлэхэд дахин үүн шиг явдал хэзээ ч гарахгүй” гэж мэдэгджээ. Баривчлагдсан хүмүүсийн ар гэрийнхэн арай ч Турк руу явуулчихаагүй байх гэсэн итгэлээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Косовогийн нисэх онгоцны буудлыг сахисаар байсан бөгөөд тэднийг аль баривчилсан өдрөө л хил гаргачихсан байжээ. Хэвлэлүүдэд бичиж байгаагаар Косовогийн тал сүүлийн үед Туркийн талаас тэнд байрлах турк сургуулиудыг хаах, багш нарыг буцаах тал дээр багагүй дарамттай байж ирснийг онцлон бичиж байгаа бөгөөд тэдний хүсэлтийг биелүүлснээр өөрийн орны байдлыг ихээхэн эвгүй байдалд орууллаа гэж шуугиж байна. Дарамт учруулахын тухайтад Косово нь Сербиэс салан тусгаарлахаар оролдох болсон 1999 оноос хойш Туркээс эдийн засгийн дэмжлэг тусламжийг багагүй авч иржээ. Нисэх онгоцны буудал, цахилгаан шугам сүлжээгээ Туркийн дэмжлэгээр барьсан байдаг аж. Гэвч эдийн засгийн байдлаараа тэдний атганд орсон нь ийм байдалд хүргэж эргээд улс орныхоо ирээдүйг бүр ч том асуудалд оруулсныг иргэд нь хатуу шүүмжилж байна. Тийм ч учраас дотоодын хэвлэлүүд нь Косовогийн удирдлагууд энэ балмад хэргийнхээ төлөө ард түмнээсээ уучлалт гуйх ёстой” гэж шаардаж байгаа аж. Үнэндээ Туркууд гэмтэн болгож буруутгах хүмүүсээ авчихдаг юм байж гэхэд Европын холбоонд элсэхийг хүлээж байгаа Косовогийнхны хувьд энэ асуудал дэндүү том хэрэг болчихож байгаа юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!