Харьяа агентлагийнхан нийслэлтэй харилцах хороодын “гүүр” болж байна

0
100

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянгол дүүргийн Засаг дарга болон хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзлаа. Тус арга хэмжээнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон НЗДТГ-ын холбогдох хэлтэс, нийслэлийн харьяа агентлагуудын удирдлага оролцсон. Уулзалтын хүрээнд хороодын Засаг дарга нарт “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн төлөвлөгөө болон 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, “Манай хороо-Миний гудамж” аянтай холбоотой мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Оджаргал, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулга, дүүргийн Засаг дарга нар энэхүү ажилд ямар үүрэг оролцоотой ажиллах талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн явцын талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг нар мэдээлэл өгөв.

Хорооны Засаг дарга нарын үйл ажиллагааг дэмжих, хороо НЗДТГ-ын хоорондох ажлын уялдааг бий болгох зорилгоор нийслэлийн харьяа агентлагуудын дарга нарыг хороо бүрт хуваарилж ажиллуулж байна. Агентлагийн дарга нар хороодод хэрхэн ажилласнаа Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байгаа билээ. Энэ талд хороодын Засаг дарга нар баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн хороог хариуцсан агентлагийн дарга нартай уулзалт зохион байгуулан ажлын төлөвлөгөө гаргаснаа хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “2017 оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлаж ажиллаад олон зүйлийг хийсэн. Онцлоод хэлбэл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьсан. Тус хуульд маш чухал заалтуудыг оруулж өгсөн. Дүүрэг, хороод өөрсдийн биеэ даасан нөхцөлийг бүрдүүлж, санхүү эдийн засгийн хувьд хараат бус эрх мэдлийг өгөх асуудлыг тусгасан. Ингэснээр цаашид Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд нэлээн хувь нэмэр болох юм. Уг хуультай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Мөн Нийслэлийн Засаг дарга 2018 оны эхний өдрийн захирамжаараа “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагааны төлөвлөлтөнд анхаарч байна. Та бүхнээс ирж буй санал, санаачлага, холбогдох агентлагтай хамтраад хийж буй ажлын төлөвлөгөөний дагуу бид эргээд гүйцэтгэлээ харна. Хамгийн гол нь та бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байх ёстой. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулсан байх ёстой юм” хэмээлээ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!