БШУЯ: Монгол оюутан АНУ-д бага төлбөрөөр суралцана

2021-03-12
1 min read

Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Вержиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай.

Өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байна. Жорж Мэйсоны их сургуультай байгуулсан гэрээгээр ШУТИС-ийн оюутны кредитыг 90% шилжүүлж авч болох бөгөөд 2.75-аас дээш голч дүнтэй бол хөнгөлөлт эдлүүлнэ.

Жорж Мейсоны сургууль гадаад оюутнаас нэг жилд 26 мянган ам.долларын төлбөр авдаг. Тэгвэл өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд зөвхөн Монгол оюутнуудад 5000 ам.долларын тэтгэлэг олгохоор болж байна. Дээр нь тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12.000 хүртэлх ам.долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх  боломжтой боллоо. Ингэснээр сургалтын төлбөр бараг дотоодын оюутны хэмжээнд очиж байна.

Энэ жишгээр дараагийн гэрээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам  University of Missouri Kansas City, University of Florida, Michigan State University -тэй байгуулах асуудал хэлэлцэгдэж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас АНУ-д суух ЭСЯ, БШУЯ

Орчуулах »