Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ МАН-ЫН БҮЛЭГТ ТАНИЛЦУУЛЖЭЭ

0
132
УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ дахь
МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулжээ.
УИХ-ын 2018 оны Хаврын чуулган нээлтээ хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм.
Тус хуралдаанаар энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэснээс гадна УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг танилцуулсан байна. Бүлгийн хувьд уг асуудлыг хэлэлцэж, санал хураан шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд хүсэлт гаргах болсон үндэслэлийг танилцуулах нь зүйтэй гэж үзсэн аж. Мөн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрөө оролцоогүй юм байна. Харин тэрбээр бүрэн эрхээ түдгэлзүүлэх болсон талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байгаа аж. Одоогоор хэвлэлийн бага хурлын цаг тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Гантулгатай гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн жил гаруйн хугацаанд шалгах ажиллагаа явуулж байсан. Харин нийслэлийн Прокурорын газраас түүнийг яллагдагчаар татах болж, энэ тухай тогтоолыг нь танилцуулахаар дуудсан боловч томилолттой гэсэн шалтгаанаар танилцахгүй байгааг мэдээлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга өөртэй нь холбогдоод буй энэхүү асуудлыг шалгуулж, үнэн мөнийг эцэслэн тогтоолгохоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэх болсон гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!