Зорчигчдын хоолыг зогсоосон атал “Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв……
МИАТ компанийн сэжиг бүхий гүйлгээ, цар тахлын хүнд үед байж боломгүй гэрээ хэлэлцээрүүдийг манай сайт цувралаар хүргэсээр байгаа.
Энэ удаад мөн анхаарал татсан, сэжиг төрүүлэм мөнгө “Нүхт тур” компани руу урссан баримтыг хүргэе.
Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улс дотоод гадаадын бүх нислэгийг цуцлаад яг нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж гаднаас ирэх иргэдээ ээлж дараалан авч байгаа ч халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс нислэгийн үед зорчигчдод өгдөг хоол хүнсний үйлчилгээг зогсоож, иргэдийг хоол идэх байтугай маскаа тайлахыг ч хориглосон.
Гэтэл төрийн өмчит МИАТ компани зорчигч болон нисэх багийнхны хоол хүнсний зардал нэрээр “Нүхт тур” компани руу өнгөрөгч оны сүүлийн хоёрхон сарын дотор гэхэд л 150 сая гаруй төгрөг шилжүүлсэн байх юм.
Оны хамгийн сүүлийн буюу 2020.12.31-ний өдөр гэхэд тус компани руу 27 саяыг зорчигчдын хоол хүнсний зардал гэж шилжүүлэнгээ “Өлзий дэн фүүдс” гэх компанийн данс руу ч бас зорчигчдын хоолны зардал хэмээн 8.3 сая төгрөг ум хумгүй шилжүүлжээ.
Боохой борооноор, муу хүн дүйвээнээр гэгчийн үлгэрээр бүх хүн шинэ жилийн баяр хийж, МУ-ын Ерөнхийлөгч хундаганы үг хэлж байх зуурт МИАТ компаниас сэжиг бүхий мөнгө ийнхүү урсаж байж.
Зорчигчдын хоол хүнсний үйлчилгээ зогссон байх цагаар хоол нийлүүлсэн гэх зардлыг хүлээн авч буй “Нүхт тур катеринг сервис” нь хэн гээч эрхмийн давуу эрхт компани вэ…
2009 оноос эхлэн МИАТ-ийн катерингийн үйлчилгээг авч түүнээс хойш өнөө хэр уйлан дуугарч, үеийн үед монополь эрхтэйгээр хэзээ ч хэрэглэгчдэд таалагдаж байгаагүй хоол хүнс хүчээр шахам нийлүүлсээр ирсэн энэ компанийн эзэд нь Ч.Хоржав, Н.Хандсүрэн нарын гэр бүл байдаг. Тэд компанийн 50, 50 хувийн эзэмшилтэй гэгддэг ч жинхэнэ эзэн нь Д.Чойжамц хамбыг гэлцсээр ирсэн.
2009 онд МИАТ-ийн катерингийн үйлчилгээг авах үед “онгоцны ченж”, дайны эрсдлийн даатгалын сангаас мөнгө угаасан гэх хэргээр ял авч байсан Ч.Хоролсүрэн Коммер эрхэлсэн захирал байсан бөгөөд тухайн үед “Нүхт тур” ХХК-ийг гэрээнд оруулж өгсний шан харамж гэж хоол тутмаас 3 ам.долларыг авч байсан гэдэг. Тус компаниас Ч.Хоролсүрэн шан харамж хүртэхээс гадна маш ойр ойрхон, тэгэхдээ бүр тогтмол хугацаанд их хэмжээний мөнгө хамба ламын дансанд шилжсэн байдаг талаар тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байв.
Уг нь 2016 оны сүүлчээр МИАТ компанийн гүйцэтгэх захирал байсан Т.Тамир “Нүхт Тур” компаниас татгалзан гэрээг цуцлах гэхэд тэр үеийн ЗТХ-ийн сайд Д.Ганбат цээжээрээ хамгаалан өмгөөлж, элдвийн захидал мэдэгдэл шидэлсээр авч үлдсэн байдаг. Эцэстээ “Нүхт тур”-ийн гэрээ цуцлагдах биш, эсрэгээрээ тус компаниар оролдсон Т.Тамир халагдсан билээ.
Ийм нэг эрх дархтай компани МИАТ-ийн катерингийн үйлчилгээнд эзэн сууж, улмаар тахлын үеийн нислэгийн хоол хүнс зогссон байхад хоол нийлүүлсэн гэх шалтгаанаар хоёрхон сарын дотор 150 сая орчим төгрөг шилжүүлэн авчихаад байна.
Тэрчлэн дайны хажуугаар дажин гэж, нэгэн үе ЖДҮДС-гаас хөнгөлөлттэй зээл хүртсэн, Н.Энхболд гишүүний хамаарал бүхий компани гэгддэг “Өлзий дэн” хүртэл өөрийн охин компани “Өлзий дэн фүүдс”-ээр зорчигчдын хоол нийлүүлсэн хэмээн он солигдох заагт мөнгө гаргаад авчихсан байгаа нь хачирхалтай.
Төрийн өмчит МИАТ компани эзэнгүй болж, Д.Баттөр гэх “морь унасан толгойгүй хүн”-ий тоглоом болж дуусч байгаа юм биш байгаа.
Энэ газарт хяналт тавих Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар амьд мэнд үү. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл гэдэг нөхөрт удирдлагын чадвар, туршлага, мэдлэг, чадамж байна уу.
Ядаж Төрийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийх ёстойг Б.Цэнгэл дарга мэддэг л байгаа даа.
МИАТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү мөнгийг цаг тутам хянаж байсан Шадар сайд асан Я.Содбаатар энэ бүгдэд хамаатай юу… Одоогийн Шадар сайд яагаад энэ бүгдийг үл тооно вэ. Түүний хараан дор Сингапур дахь оньсого мэт Uniline Pte.Ltd компани руу ганцхан сарын өмнө хагас тэрбум илүү мөнгө хүртэл шилжсэн байгаа…
Эрхэм Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!! Хамар дор чинь төрийн өмчит компаниуд татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй урсгаж, байж боломгүй утга авцалдаагүй гэрээ хэлэлцээрүүд хийгдсээр байгааг хэдий хүртэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэх вэ.