Д.Ганбаяр: Төрийн байгууллагуудын ажлыг үнэлэх стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй

0
69

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа. Засаглалын асуудал хувийн хэвшил, төрийн байгууллагуудын хувьд ч ихээхэн чухал сэдэв болсон. Өөрөөр хэлбэл, ил тод нээлттэй, хариуцлагатай, үр дүнгээ тайлагнаж ард иргэд, үйлчлүүлэгч нараа хүндэтгэх нь шударга байдлыг бий болгоод зогсохгүй эдийн засгийн өсөлтийг хангах, зөв замаар урагшлах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

Санхүүгийн зах зээлд арилжааны банкууд ноёлж байна. Үүнээс хамаарч зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт бага, хүү өндөр тул үйлдвэрлэл, бизнес хөгжих боломж хязгаарлагдаж байгааг хэлдэг. Иймд цаашид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг татах ёстой гэж их ярьдаг. Та нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

Жишээ нь хөрөнгийн зах зээл ийм шалтгаанаас хөгжихгүй байна, одоо ингэх хэрэгтэй гэх зэргээр нэг л асуудлыг олж хараад байна. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр 5-6 жил ажилласан хүний хувьд хэлэхэд хүмүүсийн санхүүгийн хэрэгцээг хангаж зээл олгох, бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх систем зөв зохистой ажиллаж чадахгүй байна. Яагаад чадахгүй байна гэвэл арилжааны банк нийт зах зээлийн 95 гаруй хувийг эзэлж байгаад биш юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт хязгаарлагдмал байгаад оршино. Гэтэл цаана нь уул уурхай, барилга зэрэг олон төслүүдэд мөнгөний эх үүсвэрүүд хэрэгтэй.

Санхүүжилт дутагдалтай байгаа учраас бизнесийн байгууллага далайцтай хөгжиж чадахгүй байна.  Гол асуудал ердөө л энэ.

Үүнийг хэрхэн засах ёстой гэвэл хэд хэдэн талаас нь оношлох ёстой. Тухайлбал, эмч өвчтөнийг оношилдог. Ингэхдээ яагаад халуурсан шалтгааныг тогтоож, хэрхэн эмчлэх, ямар гам барих зэргээр цогцоор нь оношилж байна. Үүнтэй адил салбарыг цогц байдлаар оношлох хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр зах зээлийг хөгжүүлэхэд саад болж байгаа гол хүчин зүйл юу вэ. Яагаад үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид хангалттай санхүүжилт авч чадахгүй байна вэ зэрэг олон асуулт ургана. Өнөөдөр санхүүгийн зах зээлийн ихэнх хувь банкинд төвлөрч байна. Ингээд нийлүүлэлт нь хязгаарлагдмал учраас өндөр хүүтэй зээл гаргахаас өөр аргагүй. Энэ бол тогтолцоо буюу засаглалын асуудал юм.

Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт, санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бол санхүүжилт олгох гадны бизнесийн байгууллагуудыг оруулж ирэх, тэд бага хүүтэй зээл олгох нөхцөлийг хангах ёстой. Бид эдийн засгийн либералчлал, чөлөөт зах зээлийн тогтолцоо гэж ярьдаг мөртлөө гадны санхүүгийн байгууллага орж ирэх гэхээр “Энэ чинь болохгүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнийг өөрсөддөө зохицуулж хаасан байдалтай явах гээд байгаа нь буруу юм. Амьдрал баялаг. Санхүүжилтийн хэрэгцээ асар их байна. Үүнд тулгуурлаж явах ёстой. Өнөөдөр дорвитой хөл дээрээ зогссон бизнесийн байгууллага цөөн байна.

Манайд нэг хэсэг арилжааны банкууд бизнесийн салбар руу орчихлоо гэж шуугисан. Сүүлд төв банк өнгөрсөн дөрвөн жилд өндөр алдагдалтай ажилласан байна гэж шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, хувийн ч бай, төрийн ч бай санхүүгийн байгууллагууд зах зээл дээр үндсэн зарчмаа яг таг барьж явж чадахгүй байгаа учраас ийм асуудал үүсээд байна уу?

Ерөөсөө наадах чинь гол асуудал юм. Засаглалын зарчим гэдэг нь санхүүгийн зах зээл ямар зарчмаар ажиллах ёстой вэ гэсэн л зарчим юм. Хариуцлагатай, ил тод, хариу өгдөг, үр өгөөжтэй, тэгш хууль дүрэм мөрддөг, харилцан зөвшилцдөг байх зэрэг зарчмаар үнэлэх боломж  шүү дээ. Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо яг энэ зарчмыг баримталж ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг үнэлэх асуудал. Ерөнхийдөө үнэлэх зарчим баримтлана гэж хууль журамд тусгасан байдаг боловч санхүүгийн зах зээлд төрөөс баримтлах бодлого нь алга. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо нэг зүйл хийх гэдэг. Гэтэл Монголбанк нь өөр зүйл хийдэг. Хөрөнгийн зах зээлийг дэмжье гэнэ. Нөгөө талаасаа Засгийн газрын бондын хүү нь өндөр болчихдог. Энэ мэтээр мөнгө, санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлого маань уялдахгүй учраас болохгүй байна.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол бүтээгдэхүүн нь хувьцаа. Энэ бол компаниудын өмч байхгүй юу. Гэтэл компаниуд нь ногдол ашиг тараадаг, зах зээл дээр мэдээллээ ил тод зарладаг уу гэхээр тийм биш. Ийм янзаар байвал хөрөнгийн зах зээл хөгжихгүй. Тиймээс хөрөнгийн зах зээлийн бодлогын баримт бичиг гэж гарах ёстой. Санхүүгийн зах зээлийн бодлогын баримт бичиг гэж байх ёстой. Ингэж уялдаж явахгүй бол болохгүй байна. Үүнийг хэн хангуулах юм гэхээр санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлын зөвлөл гол фокусаа тааруулна. Засгийн газрын удирдах сангийн бодлого нь яаж явах юм. Ямар нөхцөлд Засгийн газрын бондыг гаргах юм гэх зэргээр бодлогоо тодорхой болгох хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын бонд нь төсвийн зардлыг нөхөхийн тулд гаргаж байна. Тэгвэл энэ шийдвэр нь хэр бодитой вэ. Ямар үндэслэлээр гаргах юм, хэрхэн төлөх вэ гэх зэргээр зөвхөн Засгийн газрын бондтой холбоотой асуудлыг харахад л засаглалын зарчим хэрэгжиж чадахгүй байна.

Өмнө нь олон тэрбум төгрөгийн зээл авсан ч хэрхэн зөв зарцуулах, хяналт тавих, эргүүлэн төлөх менежмент хийж чадаагүй?

Өмнө нь үр ашиггүй төслүүдэд хөрөнгө оруулснаас болж сая Засгийн газар хэцүүдээ биз дээ. Яаж төлөгдөх нь тодорхойгүй. Тэгэхээр авч байгаа хөтөлбөр нь юунд зарцуулагдах юм. Тэр нь ил тод байх ёстой. Эргээд тэр нь төлөгдөх хэмжээний байх ёстой. Манайд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх урт хугацааны стратеги төлөвлөгөө гэж бодлогын баримт бичиг байхгүй учраас эргэж хэрхэн төлөгдөх нь тодорхойгүй. Сангийн яам, Монголбанк хоёр өөр өөрийнхөөрөө яваад байна шүү дээ. Төрийн санхүүгийн байгууллагууд уялдаж ажиллаж чадаагүй учраас ийм асуудлууд гараад байна.

Манайд төрийн өмчит 100 гаруй компани бий. Өмнө нь эдгээр компанийн алдагдал ДНБ-тэй тэнцэх хэмжээний өндөр түвшинд хүрсэн тухай хэлж байсан. Тэгвэл төрийн компаниудын алдагдлыг бууруулж, сайн засаглалтай болгохын тулд хэрхэх ёстой вэ?   

 Нэг номерын асуудал бол төрийн байгууллага өөрсдөө хууль тогтоох байгууллагаас баталсан дүрэм журам, хуулиа ягштал мөрддөг байх ёстой. Тиймийн тулд олон улсын хууль дүрэм журам нь хангагдаж байна уу гэдэг олон улсын стандарт 2014 онд батлагдсан. Тэр стандартыг төрийн байгууллагууд, ялангуяа, санхүүгийн зохицуулалт хийж байгаа байгууллагууд авч хэрэгжүүлэх ёстой. Дараа нь дүрэм журмын дагуу ажиллаж байна уу гэдэг үнэлгээ хийгээд жил бүр тайланг нь компани, байгууллага тус бүрээр гаргадаг болчих. Тэгвэл аяндаа нөгөө компаниуд маань сайн засаглалтай ажиллахаас өөр аргагүй болно. Өөрсдөө хэрэгжүүлж байж олон нийтийн итгэлийг хүлээнэ гэсэн үг.

Бидний судалгаанаас харахад хууль журмуудад төрийн байгууллагын давамгай байдлыг түлхүү оруулсан нь анзаарагддаг. Яагаад гэвэл төрд байгаа хүмүүс хууль журмыг өөрсдийн эрх ашигт нийцүүлж байна. Гэтэл нөгөө талд аж ахуйн нэгжүүдэд нийцэж байна уу, тэдний эрх ашгийг бүрэн хангасан гэсэн асуудал гарна. Тиймээс аль аль талдаа тэнцвэртэй харьцааг бий болгосон дүрэм журмыг гаргамаар байгаа юм.

Санхүүгийн зах зээлийг хөгжүүлье гэж бодож байгаа бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгч, бизнесийн байгууллагууд нь санхүүгийн чадавхитай болоход нь анхаарах ёстой. Зайлшгүй санхүүгийн хямд эх үүсвэрийг олж ирэх, эсвэл бий болгох хэрэгтэй. Гаднаас зээл тусламж оруулж ирээд эдийн засаг сайжирна гэвэл өрөөсгөл ойлголт. Дотоодод нөөц боломж бүрдүүлж байж эдийн засаг өснө.

Манайд 183 мянган төрийн албан хаагч бий. Зарим хүн төрийн албан хаагчийг 30-40 мянгаар цөөлөх боломжтой гэдэг. Ингэж байж төсвийн дөрөвний нэг хувийг эзлэх цалингийн зардлыг бууруулж, төрийг чадварлаг, цомхон бүтэцтэй болгож чадна гэж байгаа?

Засаглалыг хоёр түвшинд хувааж үздэг. Компанийн засаглал, нөгөөх нь төрийн болон олон нийтийн засаглал юм. Бусдын өмч хөрөнгөөр бусдын ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд олон нийтийн засаглал болдог. Уг зарчмыг манай төрийн байгууллагууд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Би 180 мянгаас хасч 130 мянга болгох ёстой. 30-40 мянгаар илүүдсэн гэж хэлэхэд төвөгтэй. Яагаад гэвэл амьдрал баялаг. Төрийн үйлчилгээ ард түмэнд жигд хүрэх ёстой.

Тэгэхээр төрийн байгууллага болгон өөрсдөө олон нийтийн засаглалд нийцсэн үйл ажиллагаа явуулж байна уу, үгүй юу гэдэг үнэлгээний систем баймаар байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар төрийн байгууллагууд хууль дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх, засаглалын найман зарчмыг мөрдөж чадаж байна уу гэдгийг тодорхой стандартчилсан шалгуураар үнэлээд олон нийтэд танилцуулдаг байвал сайн. Ингэвэл ядаж ажлаа хийдэггүй, хариуцлагагүй төрийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох боломжтой болно. Олон нийт ажлыг нь үнэлэх боломжтой болбол илүү хариуцлагатай ажиллахаас өөр аргагүй болно шүү дээ.

Бид үнэлэх бүрэн эрхтэй. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр төрийн байгууллагууд ажиллаж байгаа. Тиймээс хяналтын механизм хэрэгтэй байна. Мөн төрийн байгууллага өөрсдөө ч ил тод байх санаачилга гаргаж хангаж ажиллах ёстой. Шилэн дансны хууль гарсан. Өнөөдөр уг хуулийг мөрдөж байгаа төрийн байгууллага хэд байна. Маш цөөн. Иргэдээс мэдээлэл аваад үүнийг нь ажилдаа тусгаад ягштал мөрдөж, олон нийтэд тайлагнах асуудал хэр байна. Бас л хэцүү. Төрийн байгууллага тайлангаа олон нийтэд мэдээлдэг, ойлгуулдаг, хариуцлага тооцдог асуудал хэр байна вэ. Энэ мэтээр асуухад төрийн байгууллага олон нийтийн засаглалын зарчмыг хэрэгжүүлж чадахгүй байна.

Төрийн байгууллагуудын ажлыг үнэлэх стандарт бий юу?

Олон улсын ISO-гийн гаргасан стандарт байгаа шүү дээ. Хууль дүрэм хэрэгжилтийн стандарт гаргасан байгаа. Тэр стандартыг хэрэгжүүлнэ. Хувийн компани гэхэд чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлнэ гээд явж байна шүү дээ. Яахав, чанарын удирдлагыг хэрэгжүүлсэн зарим төрийн байгууллага бий. Ингэж нэвтрүүлэх тал дээр манайх ажилламаар байгаа юм. Тэгэхгүй бол төрийн байгууллага урсгалаар явдаг шүү дээ. Нэг хүн авчирна. Тэр нь сурах, эсвэл гадаад гарах, өөрт ашигтай боломжийг хайх гэсэн бодолтой байдаг болохоос бус яг энд сэтгэл зүрхээ гаргаж, тууштай, зүтгэлтэй ажиллах төрийн албан хаагч бага хувь эзэлдэг. Тийм учраас төрийн албан хаагч гэдэг өөрийн үнэт зүйлстэй хүмүүс байх ёстой. Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Эргээд тэтгэвэрт гарахад хангалттай урамшуулал өгдөг байх учиртай. Тэгэхээр төрийн албан хаагчдыг чадавхижуулах, ёс зүйтэй болгох асуудал чухал.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!