Ахадсан “алган боов”

0
53

“Алган боовны амт“-аар үр хүүхдээ хүмүүжүүлдэггүй гэр бүл гэж хаа байх вэ” гэцгээх нь бий. Багадаа зодуулж, шийтгүүлж хүмүүжсэн томчууд ч “Аав,ээждээ нэг ороолгуулчихаар барцад арилж, ухаан суугаад сайхан болчихдог байсан” гэлцдэг. Тэд зодуулж, чимхүүлж хүмүүжсэн учир үр хүүхдээ тийнхүү хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ. “Ах маань намайг оройтож ирлээ гээд гадуур хувцсыг маань тайлаад цасан шуурганд хөөгөөд гаргаж л байсан. Тэглээ гээд муудсан юм алга”. Жишим ч үгүй ийнхүү хэлэх олон хүн бий. Алгадсан нь хэтрүүлэхгүй, алгадуулсан нь алдаагаа давтахгүй бол сайн хэрэг. Гэвч бие махбодид нь халтай байдлаар хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт энэхүү арга  орчин цагт нийцэж байна уу. Нэгэн байгууллагаас судалгаа хийж хүүхдээ хүмүүжүүлэхдээ зодож шийтгэдэг эсэх талаар судалгаа явуулжээ. Энэхүү судалгаанд хамрагдсан эцэг эхийн 42.5 хувь нь хүүхдийг зодож шийтгэвэл дахиад буруу зүйл хийдэггүй гэсэн бол, 26.4 хувь нь хүүхэд буруу зүйл хийсэн бол шийтгүүлэх л ёстой гэж хариулжээ.

Эндээс үзэхэд эцэг эхчүүд хүүхдээ зодож байгаагаа хүчирхийлэл гэж огтоос ч үздэггүйг харж болно. Тэр ч байтугай “Та хүүхдийг зодож шийтгэх нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэгтэй санал нийлж байна уу?” гэсэн асуултад тэдний 50 хувь нь “тийм”, 47.5 хувь нь “үгүй” гэж хариулснаас харагдаж байна.  “Төрүүлсэн хүүхдээ сайн хүн болгож, зөв хүмүүжүүлэх гээд ганц, нэг удаа цохиод аваа л биз. Үүнийг юуг нь сүр болгоод байгаа юм бэ” хэмээн уншигчид маань гайхаж магадгүй.

УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрхзүйн зохицуулалтыг сайжруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлэх үеэр зарим гишүүдийн зүгээс хуулийн үзэл санааг үгүйсгэж, “дорнын ард түмэнд үл тохирох ямбаны хууль байна” хэмээн эсэргүүцэж байсан. Хань гэр бүлээ халамжлах нь яагаад ямба болдгийг хууль тогтоогч эрхэм гишүүн нь тайлбарлах биз. Харин бид сургаальт үлгэр домгийг үр хүүхдүүддээ хэлэх зэргээр оюун билигт дорнын ард түмний уламжлалт хүмүүжлийн аргыг яагаад хэрэглэж болохгүй гэж.

Уг хуулийн төслийг санаачлагчид мэргэжлийн байгууллагаар нь судалгаа хийлгэжээ. Дээр өгүүлсэн судалгааны тайланд эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой олон асуулга тавьж хариулт авснаас гадна цагдаа, хуулийн байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон хүүхдийн эрхийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил хэргүүдийг баримт байдлаар оруулжээ. Бие,  махбодид нь дарамт учруулах буюу зодож “яс, маханд нь ойлгуулбал хүүхдүүд хашраад гэм, алдаагаа дахин давтдаггүй” гэсэн ойлголт олон эцэг эхэд байх аж.

Хүүхдээ хүмүүжүүлэх гэж зодохдоо өөрсдийгөө зөвтгөн өхөөрдөж нэрлэсэн “алган боов” гэгч маань цааш жаахан даамжирвал үр дагавар нь хэрхэн гарч,  хүчирхийлэгчийн хэрхэн өөгшүүлдэг, цаашлаад даамжруулдаг гэдгийг судлаачид онцолж байна. Чихийг мушгисан, сандал өргүүлж зогсоосон гэх гэм зэмгүй мэт шийтгэл цаашид халуун ногоог ам руу нь чихсэн, хутга болон иртэй зүйлээр айлгасан, халуун эд зүйлээр хайрсан, хоолойг нь боосон, гараар болон дэр зэрэг зүйлээр амьсгалыг нь боогдуулж байсан зэрэг сахилгын шийтгэлийг хүртээж байжээ. Цаашлаад үр хүүхдүүдээ хүний санаанд оромгүй гаж байдлаар тарчлаасан, тамласан олон баримтууд ч байх юм.

Судалгаанд дурдагдсан бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 хүүхдийн тав нь ойр дотныхон буюу аав, ах, хамаатан садан зэрэг хамгийн сайн мэддэг хүмүүс нь байжээ.  Өөрийнхөө үр хүүхдийг бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, бэлгийн болон садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан үйлдлүүд байна. Зарим ээжүүд хойд эцгийнх нь зүгээс энэ мэт авир гаргадаг зэргийг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байсаар хүчирхийлэлд өртүүлдэг байдал ч олноор гарчээ.

Бага насны хүүхдийг биений хэсгийг тогтоотой усанд буцалгасан жигшүүрт, хүний санаанд багтамгүй хэрцгийлсэн тохиолдол ч байна. Энэ мэт хэрэгт холбогдсон эцэг, эхчүүд өөрсдийнхөө увайгүй үйлдлийг зөвтгөх үгтэй. Хэлцээтэй юм шиг тэд нэг л санааг хэлдэг бөгөөд тэр нь “Бид хүүхэддээ ухаан суулгаж, сайн хүн болгох гэсэн” гэдэг аж.

Хүүхдийн эрхийг хамгаалагчдын зүгээс хүүхдийг зодож шийтгэхээс өөр байдлаар хүмүүжүүлэхийг зөвлөж байна. Аав ээжүүдийн хүртээдэг “алган боов”-ны орц, дооз ахисаар хүчирхийллийн хэлбэр рүү шилжиж байгааг тэд анхааруулж байна. Басхүү хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд том болоод ихэнх тохиолдолд  хүчирхийлэгч болж байна гэдгийг хатуу сануулсан. Үргэлж далд байдлаар өрнөдөг энэхүү гэмт үйлдэлд хатуу хариуцлага тооцдог байх, гэр, хүүхэд байгаа орчиндоо архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зэрэг хэн бүхний мөрдөж болох дадлыг хэвшүүлэх гэж хичээцгээж байна. Үр хүүхдээ хүний дайтай хүн болгох нь хүн бүхний хүсэл. Тэднийгээ зөв, сайн хүн болгох түмэн арга бий. Та жаахан бодвол түвэггүй олчихно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!