Монголбанкны дэргэд сургалтын хүрээлэн шинээр байгуулагдлаа

Монгол улсын эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг шинээр байгууллаа.

Олон улсын төв банкуудын туршлагаас харахад судалгааны ажлуудын зорилго, хамрах хүрээ, ач холбогдлыг хамаарч Мөнгөний бодлогын газар, Судалгааны газар болон Судалгааны хүрээлэнгүүдэд гүйцэтгэдэг байна. Эдгээр нэгжүүдийн судалгааны ажлын ерөнхий сэдэв, чиглэл нь дараах хүрээнд түлхүү хийгддэгээрээ ялгаатай. Үүнд:

  • Мөнгөний бодлогын газар: Мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд тухайн орны макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн богино, дунд, урт хугацааны таамаглалыг боловсруулах; таамаглагч загваруудыг хөгжүүлэх математик загварчлал болон мөнгөний эдийн засаг руу чиглэсэн онолын болон эмпирик судалгаануудыг түлхүү гүйцэтгэдэг.
  • Судалгааны газар: Тухайн орны мөнгөний бодлогын үндсэн зорилгын хүрээнд мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх  мөнгөний эдийн засаг; макро эдийн засаг; олон улсын эдийн засаг; санхүүгийн салбар болон хянан шалгалтын тогтолцоо зэрэг салбар руу чиглэсэн эмпирик болон онолын судалгааг хийж гүйцэтгэдэг.
  • Судалгааны хүрээлэн: Төв банкны зорилгоос давсан төсвийн бодлого; санхүүгийн зах зээл; эдийн засгийн өсөлт; нийгмийн хөгжил; улс орны эдийн засгийн түүх; хүн ам зүй ба хөдөлмөрийн зах зээл; аж үйлдвэрлэл; хууль ба эдийн засаг; эрүүл мэнд, боловсрол, баялаг; бүс нутгийн эдийн засаг; ХАА, байгалийн баялаг зэрэг олон судалгааны талбар руу хүрээлэнгүүдийн судалгааны ажлууд чиглэдэг.

Мөн манай улсын хэмжээнд эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг судалгааны байгууллага цөөн тоотой байдаг бөгөөд төрийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхүйц эдийн засгийн судалгааны бүтээлүүдийн санхүүжилт, боловсон хүчний нөөц бололцоо хомс байна.

Иймд Монгол улсын хөгжлийн, эдийн засгийн болон санхүүгийн бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц суурь судалгааны ажлуудыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэх, төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дунд болон ахисан түвшний сургалт явуулах үндсэн зорилготой Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг шинээр үүсгэн байгуулж байна.

Энэхүү хүрээлэн нь дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана:

  • Төрийн бодлого боловсруулах, бодлогын оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бодлогын суурь судалгаа болон эмпирик судалгааг хөгжүүлэх;
  • Гадаад, дотоод эдийн засгийн орчин, эдийн засгийн өсөлт, төсвийн бодлого, санхүүгийн зах зээл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрлэл, хөдөө, аж ахуй, байгалийн баялаг зэрэг олон чиглэлд судалгааны ажил гүйцэтгэх, судалгааны тоон мэдээллийг бүрдүүлэх, хадгалах, баяжуулах;
  • Төрийн бусад байгууллага, яам, тамгын газар, агентлагуудтай нягт хамтран ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэх, улмаар Монгол улсын хэмжээнд шаардлагатай, эдийн засгийн бодлогын судалгаагаар бусад төрийн байгууллагуудыг ханган ажиллах;
  • Судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэсэн бодлогын зөвлөмжүүд боловсруулах, төрийн бодлогын хэрэгжилтийн үр нөлөөнд шинжилгээ-үнэлгээ хийхэд чиглэсэн судалгаа хийж, санал боловсруулах;
  • Зөвшөөрөгдсөн судалгааны ажлуудыг хэвлэн нийтлүүлэх, илтгэл хэлбэрээр хурал, зөвлөгөөнд танилцуулах, зөвлөмж байдлаар холбогдох байгууллагуудад хүргүүлэх;
  • Судалгаа, сургалтын чиглэлээр гадаад, дотоодын холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
  • Төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулж судалгааны ажлыг танилцуулах, санхүү, эдийн засгийн чиглэлийн дунд болон ахисан түвшний сургалтын хөтөлбөр боловсруулан батлуулж, сургалтыг зохион байгуулах;
  • Монголбанкны орон нутгийн салбаруудын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг холбогдох газруудтай хамтран боловсруулан батлуулж, системчилсэн сургалтыг зохион байгуулах;
  • Бүх түвшний сургалтын арга хэмжээнд Монголбанкны болон төрийн бус байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах;

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!