С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад хороодын дарга нар чухал үүрэг гүйцэтгэнэ

0
92

Нийслэлийн дүүргүүдийн хорооны Засаг дарга нартай хийх уулзалтаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд Чингэлтэй дүүргээс эхлүүллээ. Уулзалтын эхэнд тэрээр“ Өнгөрсөн онд  хотын даргын хувьд 152 хорооны дарга нартайгаа Соёлын төв өргөөнд нэгдсэн уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Энэ удаагийн уулзалтыг ч дүүрэг тус бүрээр хийх шийдэлд хүрсэн. Учир нь дүүрэг, хороо бүрт өөр өөрийн гэсэн онцлог, тулгамдсан асуудал, өрнөх бүтээн байгуулалт бий. Тиймээс хотынхоо хойморь, хийморь болсон Чингэлтэй дүүргийн хорооны дарга нартай 2018 оны эхний уулзалтаа хийж байна” гэлээ.

Түүнчлэн “Нийслэлийн ажил гэдэг зөвхөн хотын дарга гэдэг хүнээс хамаарахгүй. Энэ дүүрэг хороод гээд бүх шатны Засаг дарга нараас хамааралтай. Тэгэхээр та бид амь нэгтэй юм. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт иргэдэд хэрхэн хүрсэн болон шийдвэрлэлт ямар төвшинд байна вэ гэдэг хороодын Засаг дарга нараас хамаарна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нэг мөр хэрэгжих эсэх нь мөн та бүгдээс хамааралтай. Бид бүгдээрээ Монгол Улсын төрийн төлөөлөгч болж ажилладаг. Монгол Улсын төр, Засгийн газрын гаргасан шийдвэрийг бид хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Тиймээс  төрийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа хороодын дарга нарын ажлыг  сайжруулах, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс  нийслэлийн агентлаг, хэлтэс , газрын дарга нар хороодод ажиллаж байна. Ингэснээр ч бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Төрийн төлөөлөгчийн чиг үүргийг хүлээж байгаа албан тушаалтаны хувьд УИХ, Засгийн газар, Нийслэлээс гаргасан бодлого шийдвэр, хуулийг та бүхэн ягштал хэрэгжүүлэх нь  чухал юм. Тухайлбал Монгол Улсын УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тогтоол гарсан. Засгийн газраас  шийдвэрээ гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд хорооны Засаг дарга нар манлайлан оролцож, түүхий нүүрсний хэрэглээг багасгах, сайжруулсан түлшээр хангах, шинэ технологи нэвтрүүлэхэд  иргэндээ дэм болж зөвлөмж өгч, хамтын хүчээр  агаарын  бохирдолыг бууруулах учиртай. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр хэрэгжинэ.  Хэрэгжилтийг хангахын тулд хяналтыг сайжруулах нь та бидний хамтын ажиллагаанаас хамаарна. Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлоос салсан түүх нь хяналтын тогтолцоо юм. Маш сайн хяналт, иргэдэд өгөх мэдээлэл, ухуулга явуулж байх шаардлагатай. Хэрвээ түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон өдрөөс хойш зөрчсөн аж ахуй нэгж, иргэн албан байгууллагуудад хариуцлага тооцно. Тэгэхээр хяналтаа сайжруулахад бид хамтарч ажиллана. Тиймээс энэ ажилд та бүхний оролцоо үүрэг нэн чухал. Бид нэг баг болж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Монгол Улсын засгийн газраас энэ оны “ Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан төрийн анхан шатны нэгжид  сахилга, хариуцлагыг чангатгах талаар болон Улаанбаатар хотод хийгдэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил,  гэр хороололд баригдах “Сервис центр” төслийн  талаар , агаарын бохирдолыг бууруулахад хорооны даргын үүрэг  оролцооны тухай  мэргэжлийн агентлагууд , Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  мэдээлэл өгч, сургалт хийлээ.  Уулзалтад  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  М.Отгонбаяр болон холбогдох агентлагийн удирдлага оролцлоо.

Чингэлтэй дүүрэг засаг захиргааны 19 нэгж хороотой. Үүний зургаан хороо төвийн, 16 хороо гэр хорооллыг хамаардаг байна. Нийслэлд нийт гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бол ялгарч байгаа утаа агаарын бохирдлыг 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм. Түүхий нүүрсний оронд хэрэглэх шахмал түлшний хэрэгцээг 600 мянган тонн байхаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Түүхий нүүрсийг шахмал түлшээр орлуулснаар агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!