Хүчирхийллийн эсрэг жагссан эмэгтэйчүүд цаазын ялыг дэмжихгүйгээ илэрхийлэв

0
155

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан долоон эмэгтэйн төлөөллийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад хүрэлцэн ирсэн О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нар “Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо өссөн байна. Түүний дотор хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг 46 хувь эзлэх болсонд ихээхэн сэтгэл эмзэглэж байна” гээд, энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарлаа хандуулж, Эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

Тэдний зохион байгуулсан тайван жагсаалд Улаанбаатар хотын 20000 орчим иргэн оролцож, Эрүүгийн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 15590 хүн гарын үсгээ зурсан байна.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл “Бид цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа. Харин бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих болон өршөөл, уучлалд хамруулдаггүй байхыг хүсэж байна” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайван жагсаал зохион байгуулж, сэтгэл зовоосон эмзэг асуудлаар чухал санаачилга гаргасныг сайшаагаад, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль, журмын хүрээнд аль болох олон талаас нь судалж, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.

Тэд санал болгож буй төсөлдөө Нэгдүгээрт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.4-т “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эхсүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасныг өөрчилж “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэх,

Хоёрдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14.2-т “Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй” гэх заалтад бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг гэж нэмэх

Гуравдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5-д Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн” гэх заалтын ялын санкц дахь мөнгөн торгуулийг халж, зөвхөн биеэр эдлэх ял болгон өөрчлөх, хохирогчийн насны хязгаарыг олон улсын жишгээр 16-18 нас болгон өөрчлөх саналыг дэвшүүлжээ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!