УЛСТӨРЧДИЙН ХЭМЛЭЛДЭЭН УЛС ОРНЫГ МИНЬ ЦЭВЭРЛЭХ ЭХЛЭЛ БОЛОГ ЭЭ

0
88

 

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар хэсэг хүний цээжинд шар ус хуруулж байсан бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг толгой дараалан Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхлэв. “Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгил бий болсон. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ энэ хонгилоороо ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр  зохиомол хэрэг бүхий ялтан, хэрэгтэн болгож явуулж байна” хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлж байсан удаатай. Тэр бүү хэл, энэ хонгилыг бий болгосон эрхэм нь өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн нийтэд зарласан. Хуулийн байгууллага тэр үеийнхээс өөрчлөгдөөгүй. Энэ үүднээс нь авч үзвэл Эбэ өдгөө ч хонгилын үзүүрт гэрэл барьчихсан, дайснуудаа тосч суугаа. Мэдээж түүний дэргэд өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболдын царай цухалзах биз.

Тиймээс З.Энхболд энд бачуурч, Авлигатай тэмцэх газар хийгээд Улсын ерөнхий прокурорыг шинэчлэх шаардлагыг ил цагаан хэлж, хаврын чуулган эхэлмэгц гэсэн тов тогтоочихсон хэрэг. Чуулган энэ пүрэв гарагт эхэлнэ. Ерөнхийлөгчийн зүгээс нэр бүхий хоёр байгууллагын дарга нарын ажлын үзүүлэлтийг үндэслэл болгон, өөрчлөх ажлаа эрчимжүүлэх болов уу. Гэхдээ энэ нь Төрийн тэргүүний санаа мөн үү, биш үү гэдэг бас асуудал. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “С.Эрдэнэ чинь өөрөө Ц.Элбэгдоржийн хамгийн ойрын хүн нь шүү дээ. Элбэгдоржийн хүмүүсийг шахаж байна гэдэг худлаа байх” хэмээсэн. С.Эрдэнэ, З.Энхболд хоёрыг салгаж ярихад төвөгтэй. Магадгүй нэг тэрэгний хоёр дугуй, эсвэл нэг зоосны хоёр талтай жишиж болохуйц нөхөд.

Тамгын газрын даргын алба хашиж байгаа Зи Төрийн тэргүүний өмнөөс шийдвэр гаргасан тохиолдол бий. Х.Баттулгын Төрийн тэргүүний хувиар анх удаагаа тавьсан хориг хүртэл хэнийх вэ гэх таавар хэсэгтээ хөвөрсөн. Ерөнхийлөгчийн хоригийг өөрөө бичээгүй, хэн нэгний өст сэтгэлийн хөдлөлөөр бичсэн, найруулгагүй, утгагүй, агуулгын хувьд зөв, эсвэл буруу хэмээн гишүүд, судлаачид, хэвлэл мэдээллийнхэн өөр өөрийн өнцгөөс дүгнэсэн. Ямартаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Манай улс тангараг өргөж, тамга гардсан Х.Баттулга гэдэг албан ёсны Ерөнхийлөгчтэй. Гэтэл түүнээс илүү эрхтэй З.Энхболд гэсэн бас албан бус Ерөнхийлөгчтэй болчихлоо” хэмээн чуулганы хуралдаанд хэлж байсан удаатай. Нам нэгт УИХ-ын гишүүн Л.Болд хүртэл “АН-ынхан З.Энхболдын унаган занг өөрчилж чадахгүй нь харамсалтай” хэмээн ярьсан байдаг.

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “…Үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна. Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд УИХ, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр УИХ-тай харилцаж байхыг хүсье” гэсэн албан бичиг ч түүнд хаяглаж байлаа.

Харин У.Хүрэлсүх М.Энхболдтой гар барьсан тохироогоо эргэн харж, шинэчлэл хийж, морио юүлэхээр бэлтгэлээ базаачихаад байгаа. Уг нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараар туг тахиж, шинэчлэл хийхээр болоод байсан ч хэд хэдэн сайд нарын нэр дээр хавтаст хэрэг нээгдсэн тул яаран хөдөлбөл мэхэндээ ороогдож мэдэхээр нөхцөл байдал бий болчихсон. АТГ-ын дарга Х.Энхжаргал М.Энхболдтой залуугаасаа нөхөрлөсөн андууд. Үүнийгээ ч ил хэлдэг. Төв аймгийн цагдаагийн газарт 12 жил ажилласан нь ч өнөөгийн УИХ-ын даргатай салшгүй холбоотой гэлцдэг. Тэр бүү хэл, сонгуулийн дараагаар буюу шинэ жилийн үеэр М.Энхболдын гэрт Х.Энхжаргал зочилж, баяр хүргэж байгаа бичлэг ч олон нийтэд цацагдаж байсан. 60 тэрбумын асуудал хөндөгдөж, АТГ шалгахгүй байна гэсэн тайлбарт Х.Энхжаргал “М.Энхболд бид 2 нас чацуу. Хар залуугаасаа нөхөрлөсөн. Гэхдээ ашиг сонирхлын тухайд АТГ-т шалгагдаж байгаа зарим хүний хэрэгтэй танилцаж болохгүйгээ УИХ-ын дарга М.Энхболдод албан бичгээр мэдэгдэж байсан” хэмээн тайлбарласан юм.

Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар хэсэг нөхөд хуулийн байгууллагад татагдахтай зэрэгцэн УИХ-ын дарга  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Я.Содбаатар, А.Ундраа гэхчлэн өөрийн талд элэгтэй гишүүдийг багтаасан нь анхаарал татна.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!