ММСУХ-Ы ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГЧЭЭ

“Дүнжингарав-2018” уралдааныг зөвшөөрөлгүй зохион байгууллаж нэлээдгүй шуугианыг дагуулсан Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал энэ сарын 27-нд болжээ. Хурлаар зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна.
Энэхүү уралдаан нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж холбооны тэргүүлэгчид дүгнэсэн байна. Иймээс дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзжээ.

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авлаа. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны 5-р сард хуралдуулахаар тогтсон байна. Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!