Том артай багшид хууль үйлчлэх үү

0
195

Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан болон багш нар хандив тусламж нэрийн дор сурагчдаас төлбөр хураамж авах нь хуулиар хориотой. Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүй төлбөр хураамжийг эцэг эх, сурагчдаас авах, ном, гарын авлага худалдан авахыг тулган шаардахыг хориглодог. Энэ талаар салбар яамнаас сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлдэг билээ. Харамсалтай нь, зөвлөмж нэртэй хуудас захирлын шүүгээнд тоосонд дарагдаж, амьдрал дээр хэрэгждэггүй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар дунд сургуулийн багш Б.Ногоондарь сурагчдаасаа сар бүр 5000 төгрөг хураадаг. Энэ мөнгө ангийн хуримтлал гэнэ.  Хачирхалтай нь эл мөнгөний дийлэнх нь хүүхдүүдэд бус анги цэвэрлэх ажиллагаанд зарцуулагддаг талаар багш эцэг эхчүүдэд тайлагнадаг гэнэ.

Хэдийгээр тус сургууль цэвэрлэгч, үйлчлэгчтэй ч тухайн анги танхимыг цэмцийлгэдэггүй аж. Тиймээс 100 мянган төгрөгөөр ангиа цэвэрлүүлдэг гэнэ.

Мэдээлэл технологийн эрин зуун хөгжиж, хөгжилтэй хүн бүр хөл нийлүүлэн алхахыг зорих болсон нь үнэн л дээ. Тэр хэрээр анги танхимууд ч мөн телевизортой болж эхэлсэн юм байх. Энэ хүрээнд хүүхэд бүрээс 20 мянган төгрөг хураан авч, ангидаа үзэж харах юмтай болж байгаа гэнэ. Түүнчлэн хүүхэд бүрээс шинэ дэвтэр хураан авч, ашиглуулах тухай эцэг эхчүүдэд айлдаж, үүнийгээ ч гарамгай гэгч нь нэхэж авна. Гэвч дэвтэр эргэж ашиглагддаг эсэхэд тус ангийн эцэг, эхчүүд эргэлздэг тухайгаа манай сонинд хандсан ээж тайлбарлалаа. Түүнчлэн малчдад зориулсан тусламжийн аяны хүрээнд нэг сурагчаас 7 ширхэг  вок, эсвэл 7000 төгрөгтэй дүйцүүлэх зүйл нэхэж эцэг эхчүүдийн дургүйг хүргээд амжиж. Хандивын аянд хүн байгаагаараа, сэтгэлээрээ дэм хийх ёстой гэсэн эцэг, эхэд “Тэгвэл өгөхөө больчих” гэх байдлаар хариу барьжээ. Эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулагдсан спортын арга хэмжээний үеэр нэг сурагчаас бүтэн багц ус, ундаа нэхсэн гээд тоочвол бас л багагүй зөрчил дутагдлыг нэрлэж болно.

Нэгдүгээр анги даан авсан Б.Ногоондарь гэгч мань багш том артайгаараа гайхуулах дуртай гэнэ. Хэн нэгэнтэй ам зөрвөл “Тэр 11-11 төвдөө мэдэгд. Яг одоо мэдэгдээдэх. Та нар намайг мэдэхгүй байна. Намайг яаж ч чадахгүй” хэмээн даахалздаг аж. Хувьдаа өдөр өнжүүлэх ажиллуулдаг түүнийг сургуулийн захиргаа лав хүчирдэггүй гэж байгаа. Хэд хэдэн эцэг эх гомдол санал гаргаж байсан ч асуудлыг шийдвэрлэнэ ээ гэхээс өөр зүйл хэлж чадахгүй гаргадаг аж. Энэ үүднээс нь авч үзвэл тэрбээр үнэхээр том артай бололтой юм. Тиймээс Боловсролын сайд Ц.Цогзолмаа та энэ багшийн ар өврийг олж өгч, дарамтанд нь дээш доош хэлж ярьж чаддаггүй ядарсан эцэг эхчүүдэд тус болооч. 11-11 төвд мэдэгд гэж даахалздагийг бодоход тэр газраас лав айхааргүй нөхөр бололтой юм.

Уг нь Боловсролын тухай, Нийтийн албаны тухай хуульд “…хуульд заагаагүй төлбөрийг авахыг хориглоно, …иргэн хуулийн этгээдээс бэлэг, санхүүгийн туслалцаа авахыг хориглоно” хэмээн заасан байдаг аж. Хуулийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах хуультай. Энэ багшид хуулийн заалт үйлчилдэг эсэх нь ч анхаарал татаж байна.

Аргаа барсан ээж хүүхдээ захирал, сургалтын менежертэй ярьж байгаад сургууль дотроо шилжүүлсэн ч нөгөө багш нь дээрдсэнгүй. Хоёр удаа давтлага өгчихөөд 200 мянган төгрөг нэхэж утсаар дарамтлах нь тэр. Мөн л хүүхдээ аваад яв, ийм хүүхэд ангидаа авахгүй гэх зэргээр хашгирчээ. Багш хэний хүүхдийг авахаа сонгодог болчихсон хэрэг үү. Уг нь ардын багшийн үүрэг хүүхдэд зааж, сургаж, үлгэрчлэх учиртай. Түүнээс мөнгө нэхэж өгөхгүй бол хөөж туудаг газар биш.

Иймээс Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн багш нарт арга хэмжээ авч, том артай хэмээн зэнзийх тэдний ар, өврийг нийтэд зарлаж, цэгцэлж туслаач, Бага, дунд боловсролын газрын дарга нараа.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!