ЗАРИМ ТӨРЛИЙН ТАТВАРЫГ БУУРУУЛНА

0
55

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монголын эдийн засгийн чуулганы эхний шат болох энэ уулзалтаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж байна.
“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах нь бодлогын гол зорилт юм.

Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж үзэн “Нэгдмэл зорилготой Монгол Улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого, ”Шударга ёсыг дээдэлсэн сахилга, хариуцлагатай, тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүллээ. Энэ хүрээнд 27 зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Засгийн  газар  бизнесийн  орчныг  ээлтэй  болгох,  хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын  орчныг  бий  болгох  зорилгоор  татварын  багц  хуулийг шинэчлэх юм. Татвар нэмэхгүй, харин зарим нэр төрлийн татварыг бууруулахаар хуулийн шинэчилсэн төсөлд тусгаад байна. Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн, нийт 5600 орчим саналаас төсөлд нэмж тусган УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

Засгийн газар татварын  бааз  сууриа  өргөтгөх,  хамгаалах,  татвар  төлөгч  бүр хуулиар  хүлээсэн  үүргээ  нэр  төртэй  биелүүлэх,  татварын  өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод  байдлыг  хангах,  олон  улсын  татварын  тогтолцоотой   өрсөлдөхүйц байлгахыг зорьж байна.

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд болох таван салбар хуралдаанаар Уул уурхай ба үр өгөөж, Түлш, утаа, түгжрэл, шийдэл, Тогтвортой хөдөө аж ахуй -Хөгжлийн тулгуур, Хувьчлал ба шинэчлэл, Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг тавдугаар сарын 21-22-ны өдөр Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!