АН-ын их цэвэрлэгээ & Нэг эзэнтэй махны машин ажиллаж эхэлсэн нь

0
80

АН-ын дотоод цэвэрлэгээ үүгээр дуусахгүй, С.Баярцогт бол дөнгөж эхлэл нь хэмээн О.Магнай нэлээд чанга бөгөөд том дуугарна билээ. Эл намын нарийн бичгийн даргын хувьд хэлсэн түүний байр суурь олон хардлагыг бататгах шиг болов. “Шонхор”-ууд барьцаа ахиулахын тулд ротацийн далбаан дор цэвэрлэгээ хийж байгаа гэх олны хадлага оргүй байж. Эл намын батлахтай Баабар хүртэл АН хувийн аж ахуйн нэгж шиг болсныг хэлсэн нь бий. Үнэхээр ч дотоод сонгуулийн  буянаар идэвх сул, намын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй гишүүдийг “замаасаа зайлуулж” дөнгөсөн гэж нэг талаасаа харагдаж байна. Тодруулбал, ганцаарчилсан тоглолтоор гаршсан Р.Амаржаргал, Э.Бат-Үүл мөн “Шонхор”-оос бусад фракцийн М.Батчимэг, Х.Тэмүүжин, Да.Ганболд гэхчлэн нэрлэж болно. Мөн тэдэнд дээр Ч.Сайханбилэг, А.Бакей нар нэмэгдэв. Намын дүрмээр тэд 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй. Мөн хазайсан дээр нь түлхэв гэгчээр аавын хаалга татаад байгаа Н.Батбаяр ч тоглоомын тойргоос жийгдчихлээ.

Мэдээж цэвэрлэгээ С.Баярцогтоор, бас дээрх нэр бүхий эрхмүүдээр өндөрлөхгүй гэдгийг О.Магнайгийн амнаас унасан хийнээс гадна АН-ын албан бичиг тодотгож байна. Өөрөөр хэлбэл, С.Баярын Засгийн газрыг шалгах ёстой гэж үзсэн АН-ын шаардлагад “Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын улстөрчидтэй холбоотой оффшор данс, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна” гэсэн байгаа.

С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүдийг шалгавал АН-ын нэр бүхий эрхмүүд мөн л татагдана. Тухайн үеийн С.Баярын тэргүүлсэн Засгийн газар нь АН, МАН-ын хамтарсан засаглалын үе. Улс төрийн түүхэн дэх “Стандарт бус” гэх тодотголтой Засгийн газар байсан юм. МАН олуулаа болж Засгийн газраа дангаараа бүрдүүлэх боломж байсан ч АН-д хамтрах санал тавьснаас үүдэлтэй дээрх тодотголыг авсан. Стандарт бус Засгийн газарт АН-аас Тэргүүн Шадар сайдаар Н.Алтанхуяг, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Л.Гансүх, Батлан хамгаалахын сайдаар Л.Болд, Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа нарын гишүүд багтсан байлаа. Нэг үгээр хэлэхэд, “Шонхор”-оос энэ кабинетад багтсан хүн үгүй.

“Алтан гадас”-аар чиг зүгээ заалгаж, МоАХ-гоор жолоодлого хийж байсан үе. “Шонхор”-ынхон тэр үед өнөөгийн “1а” шиг байсан гэвэл дэгсдүүлсэн болохгүй биз. Тиймээс Оюутолгойн гэрээг үзэглэсэн Засгийн газрыг шалгавал С.Баярцогттой адил ууж идсэн, авч өгсөн зүйл байж мэдэх л юм. Хэн нь илүү идэж, хэн нь дутуудуулсан бэ гэдэгт л асуудал байх биз. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад хүчин зүтгэсэн хамтарсан Засгийн газрын гишүүд хэдэн зуун сая ам.доллар халаасласан гэх хардлага өдгөө ч тайлагдаагүй байгаа. Тиймдээ ч тухайн үед Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн жилийн орлого 108 сая төгрөг, хадгаламжиндаа 40 сая төгрөгтэй, Шадар сайд М.Энхболдын жилийн орлого 37 сая төгрөг, хадгаламжиндаа 195 сая төгрөг байршуулсан байсныг нь нэг бүрчлэн хэвлэлүүд бичиж байсан юм. Тухайн үед С.Баярцогт чуулганы хуралдаан дээр “Манай гэр бүлийн компанийн жилийн орлого өнгөрсөн онд 1.5 тэрбум төгрөг байсан бол энэ онд хоёр тэрбум болон нэмэгдсэн. Надад авлига авах шаардлага байхгүй” хэмээн хэлж байв.

Хачирхалтай гэмээр бас нэг зүйл нь Стандарт бус Засгийн газарт ажиллаж байсан АН-ын сайд нараас С.Ламбаагаас бусад нь хуулийн байгууллагад бүртгэлтэй. Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газраас байцааж байсан бол өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч мөн төмөр замтай холбоотой асуудлаар хуулийн байгууллага шалгаж байсан удаатай. Л.Гансүх хэдийнэ хэцүү нэртийнд оччихсон. Л.Болдын тухайд албан ёсоор дуудагдаагүй ч ТЕГ-ын дарга асан Б.Хурцын ноцтой мэдэгдлүүд түүнийг хуулийн байгууллагад бүртгэлжүүлсэн. Тиймээс тэднийг жаахан түлхээд өгвөл хуулийн жинлүүрт өөрсдөө өнхрөөд очиход бэлэн байж мэднэ. Магадгүй Н.Алтанхуягийн хэлээд байдаг өнөөх хонгилоор ч хөтлөлцөөд алхахыг үгүйсгэх аргагүй.

Өнгөн дээрээ эв нэгдэлтэй мэт харагдах Ерөнхийлөгч тэргүүтэй МоАХ-г шахах сайхан боломж олдож байгаа нь энэ байж ч мэдэх юм. АН-ын өнгө төрх бага багаар хувьсаж, нэг толгойтой хэдэн хүний халаасанд хуваарилагдаж эхэлснийг намын гишүүд нь ил далд хэлэх болсон. Огцом бус ойр тойрхон тоглолттой, гэхдээ тоглолт бүртээ цэвэрхэн нүүдэг, нүүдэл бүрээсээ идээ бээр шахдаг шазуур зуусан нэгний атгасан гарт базуулсан АН-ын их цэвэрлэгээ хэрхэн амжилттай, үйл явдаллаг өрнөхийг мань эрээс өөр хэн ч таашгүй. Ямартай ч нүргэлэн эргэж эхэлсэн мань хүний махны машинаас сүнсээ зайлж, сүүдрээ сарнитал айсан нөхдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй нь л бидэнд одоогоор ил байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!