МИАТ гүтгэлэг гэсэн мэдээллээ өөрсдийн мэдэгдлээрээ нотлоод өгчээ

Төрийн өмчит МИАТ компани мэдэгдэл гээч юм гаргаад албан мөн биш нь тодорхойгүй “МИАТ” гэсэн нэртэй цахим хуудсаар шиджээ. Үүндээ “Нийгмийн толь цахим хуудсаар МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааны талаар илт худал, гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг олон нийтэд удаа дараа тарааж, компанийн ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаад эсэргүүцэж байна” гэж.

Нэгдүгээрт, “Нийгмийн толь” нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохоос та бүхний “МИАТ” гэдэг шиг цахим хуудас биш юм.

Хоёрдугаарт, илт худал гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тавиагүй гэдгийг та бүгд дээрх мэдэгдэл гэгч дэх үг үсэг, тайлбараараа өөрсдөө нотолжээ.

Манай сайт нь МИАТ компани Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийсний төлөөсөнд “Bloomberg TV Mongolia”-тэй жилийн 180000 ам.долларын гэрээ хийжээ хэмээн мэдээлсэн. Төлөөсөнд гэхийн учир нь Худалдаа хөгжлийн банк нь гэрээндээ “Bloomberg TV Mongolia”-тэй жилийн 180000 ам.долларын гэрээ заавал хийх гэж онцолсон байгаа юм. Энэ нь үнэн гэдгийг тус мэдэгдлээс харж байна.

Харин мэдэгдэлд цар тахал дэгдсэн 2020 онд тус ТВ-рүү мөнгө шилжүүлээгүй тул уучлал гуйж залруулга гарга гэжээ.

Уучлаарай Д.Баттөр захирлаа!!! МИАТ компани нь Блүүмберг телевизтэй гэрээ байгуулсан нь үнэн байхад бид хэрхэн залруулга хийх билээ. Нөгөөтэйгүүр 2020 онд тус телевиз рүү мөнгө шилжүүлээгүй хойшлуулсан гэдгийг нотлох ёстой ШИЛЭН ДАНС тань хаалттай байна. Тэгээд ч та мэдэгдэлдээ гэрээгээр төлөх ёстой мөнгийг хойшлуулсан гэсэн болохоос бус цуцалсан гээгүй байгаа тул эл мэдээлэлд бид яг ямар залруулга хийж, эрхэм танаас хүлцэл өчих ёстойгоо хараахан ойлгохгүй байгаагаа үүгээр дамжуулья.

Түүнчлэн бид та бүхнийг Сингапур дахь Uniline Pte.Ltd компани руу өнгөрөгч намраас эхлэн зарим үед нэг, хоёрхон хоногийн зөрүүтэй асар их мөнгө урсгаж эхэлжээ гэж бичсэн. Мөнгө урссан нь үнэн, гүтгэлэг биш гэдгийг дахиад л МИАТ компанийн мэдэгдэл гээч дээрээ өөрсдөө няцаасан байх юм. Ийм компанитай огтхон ч гэрээгүй, мөнгө шилжүүлээгүй байхад чинь бид шилжүүлсээн, гэрээтэй гээд бичсэн бол энэ нь худал, гүтгэлэг болдог юм шүү дээ.

Гэтэл тус компанитай 2018.04.01-нээс хойш гэрээтэй хэмээн мэдэгдэлдээ та бүхэн дурьдсан байна. Д.Баттөр захирал та 2018.04.19-нд төрийн өмчит МИАТ компанийн захирлаар томилогдсон.

Таныг ажлаа авахаас яг 11 хоногийн өмнө, өмнөх захирал тань ажлаа өгсний дараахан, яг тэр сиймхий зайд, тэгээд 2018.04.01-ний бүтэн сайн өдөр, Инээдмийн баяраар гэрээ хийгджээ дээ.

Үүнээс хойш гэрээ үргэлжилж 2018, 2019 онуудад ч Uniline Pte.Ltd компани руу МИАТ компани мөнгө шилжүүлсээр байсан тул залруулга хий гэх гэсэн бололтой.

Бид залруулга хийж болно оо. Харамсалтай нь мөн онуудын ШИЛЭН ДАНС чинь бас л хаалттай байна. Мэдэгдэлдээ “Зөвхөн Unilline ч биш Сингапурт төвтэй World Fuel Services Singapore Pte.Ltd компанитай мөн шатахуун цэнэглэлтийн гэрээтэй” гэсэн байгаа ч Шилэн дансны одоо харагдаж байгаа мэдээллээр World Fuel Services Singapore Pte.Ltd компани руу мөнгө шилжүүлсэн ямар ч баримт харагдахгүй байх юм.

Тиймээс Шилэн дансаа нээж, баримтаа ил болгож өгнө үү. Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК болон World Fuel Services Singapore Pte.Ltd компанийн мэдээллүүд байтугай шилэн данс чинь тэр чигтээ хаалттай байна, ил болго!!!

Дахин тодотгоход, манай сайтын өмнөх хоёр нийтлэлд дурьдагдсан Влүүмберг болон Uniline Pte.Ltd компанитай МИАТ компани нь гэрээтэй гэдгээ өөрсдөө мэдэгдэлдээ баталсан байх тул бид яг ямар мэдээлэлд худал хэмээн залруулга хийх ёстой болчихов.

Бидний нийтлэл цар тахлын үед алдагдал хүлээсээр буй МИАТ компани нь энэ мэт компаниуд руу ямар учиртай мөнгө шилжүүлээд байна вэ, бүх нислэг зогссон байхад телевизээр хийлгэх сурталчилгаа хэрэгтэй юү, хэдхэн нислэгт ийм их шатахуун яагаад худалдаж авав гэдгийг хөндөж бичсэн.

Тэгэхээр сайтын нийтлэлд худал хуурмаг, бусдыг гүтгэсэн мэдээлэл байхгүй байгааг МИАТ-ийн гаргасан “албан” гэхэд түвэгтэй мэдээлэл нь өөрөө нотлоод өглөө.

Д.Баттөр захирлын хувьд өмнө нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Сү.Батболд сайдын үед халагдсаныг эс тооцвол төрийн өмчит томоохон компанид ажиллаж үзээгүй, ямар мэдээллийг гүтгэлэг гэх вэ, шүүмжлэл, асуудал дэвшүүлсэн нийтлэл зэргийг ялгаж салгах мэдлэг, туршлага дутуу байж мэдэх юм.

Тэгэхээр МИАТ компани нь ШИЛЭН ДАНС-аа нээлттэй болгож өгөх боломжгүй бол бид дээр нэр дурьдагдсан болон МИАТ компанитай гэрээтэй гэгдэх гадны хаяг шошго бүхий компаниудын санхүүгийн эрэн сурвалжлах мэдээллийг удахгүй хүргэх болно. Мөн л баримтад тулгуурлана.

Тэр бүрт худал, гүтгэлэг хэмээн орилонгоо өөрсдөө түүнээ эргүүлж няцаан будилахгүй байхыг хүсье.

Орчуулах »
error: Content is protected !!