Британийн “хамгийн харамч тэрбумтан” Ричард Десмонд

0
42

Британийн хэвлэлийн магнат Ричард Десмонд буяны үйлст гар татдаггүй нэгэн ч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг “хамгийн харамч тэрбумтан” хэмээн нэрлэжээ. Ийм таагүй нэр зүүх болсон шалтгаан нь тэрбээр “Channel 5” сувгаа зарж багагүй ашиг олсон ч өөрийн мэдэлд байдаг сонинуудынхаа ажилтны тоог гуравны нэгээр бууруулах шийдвэр гаргасантай холбоотой аж.

Хөгжим ба зар сурталчилгаа

1951 онд Лондонд төрсөн Ричард Десмондыг бүр зургаан настайгаасаа бизнесийн ухаанд суралцаж эхэлсэн гэхэд болно. Зар сурталчилгааны “Pearl & Dean” агентлагийн топ менежерүүдийн нэг байсан эцэг нь бараг дүлийрсэн тул гэрээ хэлцэл хийхдээ хүүгээ дагуулж явдаг байсан аж. Хүү эцгийнхээ “чих” нь болдог байжээ. “The Independent” сонинд бич­сэнээр тэр үеэс Ричард Десмонд эцэг шигээ дүлий болох, эсвэл сохрохоос үхтлээ айдаг болсон гэнэ.

Эцэг Десмонд өвчтэй хэдий ч ажлаа үргэлжлүүлж, эхнэр хүүхдээ тэжээхийг оролдсон ч хүнд хэцүү амьдралаас болж гэр бүл салав. Ээж нь гурван хүүхдээ (Ричард айлын том нь) авч, гараашийн дээр байдаг жижигхэн өрөөнд амьдрах болжээ. Цонх нь онгойдоггүй давчуухан өрөөнд хүү өөрийгөө “их тарган, маш ганцаардмал” болсон мэт мэдрэмж төрдөг байсан гэж хожим нь дурссан байдаг.

Хүүгийн сэтгэлийг сэргээдэг ганц зүйл нь дуу хөгжим байв. Тэрбээр 13 настайдаа хотын нэгэн клубт алдартай блюз дуучны тоглолтыг үзэж, сэтгэл нь маш их хөдөлсөн учир өлгүүртээ ажилтнаар авахыг клубын удирдлагаас гуйж байсан гэдэг. 15 нас хүрмэгц Десмонд сургуулиа орхиж, “Thomson Group” компанийн зар сурталчилгааны хэлтэст ажиллаж эхэлжээ. Харин 21 настайдаа тэрбээр хувийн байшин, дуу бичлэгийн бараа борлуулдаг хоёр дэлгүүртэй болсон байв.

1974 онд Десмонд “International Musician & Recording World” сэтгүү­лийг гаргаснаар хөгжим болон зар сурталчилгааг холбож чадсан юм. Энэхүү хөгжим, зар сурталчилгаагаар дагнасан сэтгүүл хурдан хугацаанд маш алдартай болсон учир Десмонд түүнийг зөвхөн эх орондоо төдийгүй АНУ, Япон, Герман, Австралид гаргаж эхэлжээ. Чухам энэ сэтгүүл түүний “Northern & Shell” хэвлэл мэдээллийн эзэнт улсын үндэс суурь болсон юм. Компани латинаар “Forti Nihil Difficile” буюу монголчилбол “Хүчирхэг хүмүүст хэцүү зүйл гэж байхгүй” гэсэн уриатай.

 Насанд хүрэгчдэд ба оддын тухай

Ричард Десмонд 29 нас хүрэхдээ аль хэдийнэ хэвлэлийн бизнесийн оргилд хүрчихсэн байлаа. 1983 онд тэрбээр “Penthouse” сэтгүүлийг Их Британид гаргах лицензийг авч (Десмонд энэ бизнесээ 11 жилийн дараа есөн сая фун­тээр зарсан юм), дараа нь насанд хүргэгчдэд зориулсан хэд хэдэн сувгийг өөрийн болгожээ. Харин 1993 оноос тухайн үед Их Британид алдартай байсан “Hello”-той утга агуулгаараа адилхан “Ok!” сэтгүүлийг гаргаж эхэлсэн байна. Оддын хурим, худалдан авалт зэрэг шар мэдээлэлтэй шинэ сэтгүүл эхний үед сард нэг удаа гарч байгаад 2006 оноос долоо хоног тутмынх болж, аажмаар хэвлэгдэх хувиараа “Hello”-г гүйцэж түрүүлсэн юм.

2000 онд Десмонд Британийн бизнесмен Клив Холликоос урьд өмнө нь алдартай байсан хэвлэлийн “Express Newspapers” группийг 125 сая фунтээр худалдаж авчээ. Нэгэнт нэр хүндээ алдсан сонин, сэтгүүлийг дахин ашигтай болгож чадна гэдэгт олон ажиглагч эргэлзэж байв. Гэвч Десмонд бараг боломжгүй зүйлийг хийж чадсан юм. Өдөр тутмын хэвлэл уналтад ороод байсан 2011 оны үед ч “Daily Express”, “Sunday Express”, “Daily Star” болон “Daily Star Sunday” гэсэн дөрвөн сониныг нэгтгэсэн  “Express Newspapers” эргэлтээ долоон хувиар нэмэгдүүлж чаджээ. Цаашдаа зөвхөн зардлаа нөхөөд зогссонгүй ашигтай ажиллах болсон байна. 2013 оны эхний хагас жил гэхэд 18 сая фунтын ашиг олжээ.

“Бохир Дес”

Ричард Десмонд улс орныхоо улс төрийн амьдралд идэвхтэй оролцохыг хичээдэг. 1993 онд тэрбээр Лейборист намд 100 мянган фунтын мөнгөн хандив өгчээ. Энэ нь тус намын гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээсэн юм. Зарим гишүүн эротик сэтгүүл гаргадаг хүнээс ийм их хэмжээний мөнгө авах ёсгүй хэмээн шүүмжилжээ. Британийн мэргэжил нэгтнүүдтэйгээ Десмондын тогтоосон харилцаа холбоог огт өөгүй гэж хэлж бас болохгүй. Эхлээд тэрбээр “Daily Telegraph”-ийг эзэмшигч асан Конрад Блэктэй хэвлэлээр муудалцаад авсан. Үүний дараа “Бохир Дес”(түүнд дургүй хүмүүсийн өгсөн нэр) өөрийг нь “садар самуун түгээгч” хэмээн нэрлэсний хариуд “Daily Mail” сонины эзэн Виконт Розэмерийн хувийн амьдралын эрээн барааныг харуулсан зургуудыг олон нийтэд дэлгэж байв. 2005 онд “The Guardian” сонин Десмондыг утас, интер­нэтийн залилангаар өдөрт 600 мянга хүртэл ам.дол­лар олдог Нью-Йор­кийн мафийн бүлэг­тэй холбоотой хэмээн мэдээлжээ. Гэвч энэ мэдээлэл өнөөг хүртэл батлагдаагүй. Саяхан “Nort­hern & Shell”-ийн тэр­гүүн дахин хэвлэл мэдээллийн хэрэгс­лэлүүдийн шүүмжлэлийн бай болсон байна. Их Британийн сэтгүүлчдийн үндэсний хол­боо түүнийг “Хамгийн харамч тэр­бумтан”-аар өргөмжилжээ. “Forbes” сэт­гүүлийн үнэлгээгээр 2.4 тэрбум  ам.дол­ларын хөрөнгөтэй Десмонд 10 сая фунт хэмнэхийн тулд ажилтнуудынхаа бараг гуравны нэгийг ажлаас халах шийдвэр гаргасан учир сэтгүүлчид түүнд ийм алдар нэр өгсөн байна. “Channel 5” сувгаа зарж их хэмжээний ашиг олох гэж байж ийнхүү орон тоогоо цөөлөх шийдвэр гаргасан нь тэдний дургүйцлийг бүр ч их хүргэжээ.

Арилжааны “Channel 5” сувгийг Ричард Десмонд 2010 онд 103 сая фунтээр худалдаж авсан юм. Энэ суваг сүүлийн 13 жил огт ашиг авчирч байгаагүй учраас энэ наймаа ямар ч утгагүй мэт санагдаж байлаа. Гэвч тэрбээр эргэлзэгчдийг дахин гайхшруулж чадав. Десмонд топ албан тушаалтнуудын тоог цөөрүүлэх замаар жилийн зардлыг 20 сая фунтээр багасгаж, улмаар ашигтай ажиллаж эхэлжээ. Залуу үзэгчдийг татахын тулд  өмнө нь өөр сувгаар гарч байгаад рейтинг нь унаснаас болж хаагдсан “Big Brother” шоуг шинэчлэн сэргээж, түүнээс гадна Америкийн телевизийн алдартай цуврал болох “Dallas” киног үзүүлж эхэлсэн байна. Энэ оны тавдугаар сард тэрбээр энэ сувгийг “MTV Viacom”-ын эзэнд 450 сая фунт буюу 2010 онд худалдаж авснаасаа бараг дөрөв дахин их үнээр зарах тохиролцоо хийжээ.

Ер нь бол Десмонд хэвлэлийнхнээс нэг их жийрхээд байдаг хүн биш. Тэр хэзээ ч бусдын нүдэнд даруухан хүн болж харагдахыг хичээдэггүй, баян тансаг амьдралаа нууж хаагаад байдаггүй. Тэрбээр Лондонд асар том харшид амьдарч, “Rolls-Royce”, “Bentley” зэрэг тансаг зэрэглэлийн үнэтэй машин хөлөглөдөг. 2010 онд “The Guardian” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр “Надад хангалттай их мөнгө байгаа болохоор юу хүсч, юу хийх гэж байгаагаа би маш сайн мэддэг” хэмээн мэдэгджээ.